Хүмүүс гоо сайханд орж, бие галбиртаа санаа тавьж фитнессээр хичээллэж, нэмэлт витамин хэрэглэдэг ч амны хөндийн эрүүл мэндээ орхичихдог. Амаар дамжин дотор эрхтнийг өвчлүүлдэг нян, химийн бодис бий. Хорхойтсон шүдээ ломбодуулахгүй, эсвэл эмчилгээ хийлгээгүй учраас, хоолны үлдэгдлээ дутуу цэвэрлэх, шүдээ муу угаах зэргээс үүдэн амнаас эвгүй үнэр гардаг. Энэ мэт эрүүл мэндийн бусад асуудлаас үл шалтгаалан амны хөндийгөөс эвгүй үнэр гардаг бол заавал шүдний эмнэлэгт үзүүлээрэй.
Ер нь л хурал зөвлөгөөн, хоолонд орох, ярилцаж суух үеэр таагүй мэдрэмж төрдөг ч өөрт нь хэлж чаддаггүй шүү дээ. Хүн бүр өөрийн амны хөндийн эрүүл мэнддээ анхаарвал ийм асуудал үүсэхгүй юм.
Биеийн аль нэг хэсэгт гарсан идээт үрэвслийн идээнээс дээж авч үзэхэд ихэвчлэн амны хөндийн өвчин үүсгэгч микробоос үүссэн байдаг тухай шүдний эмч ярьсан байдаг. Тиймээс амны хөндийн ариун цэвэр маш чухал. Шүдээ өдөрт хамгийн багадаа хоёр удаа сойзоор угаах, шүд хоорондын завсрыг шүдний утсаар цэвэрлэж байх нь чухал. Шүдээ сойздож угаахын зэрэгцээ хэл, хацар болон амны ёроол хэсгийг мөн сойзоор угааж нян микробуудыг цэвэрлэх хэрэгтэй. Хэлийг сойздож угаахаас гадна зориулалтын хэлний өнгөр хусагчийг ашиглах нь чухал. Сахаргүй бохь зажлах нь зайлшгүй тохиолдолд амны үнэр дарахад нөлөөлдөг талаар эмч нар зөвлөжээ.
Бие галбир, булчиндаа анхаардаг шиг амны хөндийн эрүүл ахуй, шүдэндээ ч гэсэн анхаараарай.
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Д.Отгонтуяа