Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 339 дэх хүнд уг нарийн төвөгтэй мэс заслыг хийгээд байна. Он гарснаас хойш 44 дэх хагалгаагаа хийгээд буй нь энэ аж. Өвчтөн 40 настай, B, D вирусний шалтгаант элэгний хатууралтай, түүний төрсөн эгч нь донор болжээ. Өнгөрсөн хугацаанд үйлчлүүлсэн нийт өвчтөний нас 36-65, олонх нь хавдар, В, C, D вирусний шалтгаанаар элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэснийг УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй хэлэв.
Манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний чадавх, үйлчлүүлэгчдийн амьдралын чанарын үзүүлэлтүүд дэлхийд дээгүүр үнэлэгддэг билээ. Тодруулбал, эмчилгээ хийлгэснээс хойш өвчтөн нэг жил амьдрах магадлал 93.9, гурван жилийн дундаж нь 84.8, таван жилийнх нь 88.2 хувьтай буюу өндөр хөгжилтэй улс орнуудын хэмжээнд байгааг Б.БатИрээдүй эмч онцолсон.
Ташрамд дурдахад, он гарснаас хойш кадавр буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ огт хийгээгүй гэнэ. Нийгэмд кадавр донорын тухай ташаа ойлголт сүүлийн 1-2 жилд нэмэгдсэнээс болж уг мэс засал үндсэндээ зогс¬жээ. Иймд УНТЭ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаныхан тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг өргөжүүлэх, донорын тухай ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх өдөрлөгийг өчигдөр төв талбайд зохион байгуулсан юм.