Өнөөдөр хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-ныг Хумхаа өвчний эсрэг болгон 2007 оноос хойш дэлхий нийтээр тдорхой уриан дор тэмдэглэж ирсэн. Энэ жилийн уриа “Хумхаа өвчнийг тэглэх цаг ирлээ. Хөрөнгө оруулах, инноваци нэвтрүүлэх, хэрэгжүүлэх”.

Хумхаа өвчин нь Anopheles төрлийн шумуулаар дамжин халдварладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт өгдөг, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг хурц халдварт өвчин юм.

ДЭМБ-аас 2021 онд дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаа өвчнийг дамжуулагч шумуул тархсан, эрсдэлт бүс нутагт амьдарч байгаа талаар мэдээлсэн. 2021 онд хумхаагийн хүний өвчлөлийн тохиолдол 247 сая,  нас баралт 619 мянга бүртгэгдсэн бөгөөд өвчлөлийн 95 хувь, нас баралтын 96 хувь нь Африкийн бүс нутагт байна. Ялангуяа Нигери (31.3%), Бүгд Найрамдах Ардчилсан Конго (12.6%), Бүгд Найрамдах Танзани (4.1%) улсуудад илүү өндөр бүртгэгджээ.

Манай оронд хумхаа өвчний байгалийн голомт тодорхойлогдоогүй ч зарим нэг голын сав нутагт хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй талаар зарим судлаачид тэмдэглэсэн байдаг. 2009-2022 онд манай оронд хумхаагийн хүний өвчлөлийн 18 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан. Эдгээр тохиолдлууд нь бүгд хумхаа өвчний голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос улсад сурч, ажиллаж, амьдарч байсан, аялал зугаалгаар зорчсон, Африкийн бүс нутгийн Конго, Мали, Нигери, Сьерра-Леоне, Кот-Дивуар, Гана, Судан зэрэг улсад энхийг сахиулах ажиллагаанд болон ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагаанд оролцсон, шумуулд хазуулсан өгүүлэмжтэй Монгол Улсын иргэд байсан юм.

Сүүлийн жилүүдэд манай оронд хумхаагийн хүний өвчлөл тасралтгүй бүртгэгдэж, хумхаа өвчний голомтот бүс нутгаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдол тасралтгүй гарсаар байна. 2023 оны эхний улирлын байдлаар хумхаагийн хүний өвчний тохиолдол 14, нас баралт 2 бүртгэгдсэн.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан