ЗӨСҮТ: Монголд 2009-2021 онд 17 хүн хумхаагийн халдвар авч, нэг нь нас барсан


2007 оноос хойш жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдрийг хумхаа өвчинтэй тэмцэх өдөр болгон Дэлхий нийтээрээ тэмдэглэж иржээ.  2022 онд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тус өдрийг “Инновацийг ашиглаж хумхаа өвчний өвчлөл, нас баралтыг бууруулая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. 
Хумхаа өвчин нь эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, Anopheles төрлийн шумуулаар дамжин халдварладаг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг зоонозын хурц халдварт өвчин. 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 2015 оны мэдээгээр дэлхийн 90 гаруй улс оронд хумхаа өвчнийг дамжуулагч  шумуул тархаж, дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаагийн эрсдэлт нутагт амьдардаг ба 224 сая хүн өвчилжээ. 
2020 онд дэлхийн 85 улсад хумхаагийн 241 сая тохиолдол бүртгэгдсэн нь 2015 оны суурь үзүүлэлтээс 17 сая (7.1%) тохиолдлоор нэмэгдсэн байна. 2021 оны ДЭМБ-ын тайланд хумхаа өвчинтэй тэмцэх ажил хүний өвчлөл, нас баралт ихтэй Африкийн улс орнуудад удааширч, зогсонги байдалд орсон талаар дурьджээ.

2016-2030 он хүртэлх хугацаанд дэлхий дахинд “Хумхаа өвчинтэй тэмцэх стратеги”-ийг хэрэгжүүлснээр хумхаагийн өвчлөл, нас баралтыг 2025 гэхэд 75 хувиар, 2030 он гэхэд 90 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. ДЭМБ-аас хумхаа өвчний эсрэг гарч буй сүүлийн үеийн дэвшилтэт арга технологид суурилсан шумуул устгах аргыг нэвтрүүлэх, хумхаагийн оношилгоог сайжруулах, хумхаа өвчний эсрэг эм болон бусад хэрэгслийг өргөжүүлэх чиглэлд инноваци, хөрөнгө оруулалт хийхийг дэлхийн улс орнуудад уриалсан.  

Монгол оронд хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй талаар зарим судлаач тэмдэглэсэн байдаг. Манай улсад 2009-2021 онд хумхаагийн өвчний 17 зөөвөрлөгдсөн тохиолдол, нэг хүн нас баржээ. Хумхаагийн голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос улсад сурч, ажиллаж, амьдардаг, аялсан зорчсон, Африкийн бүс нутгийн Конго, Мали, Нигери, Сьерра-Леоне, Кот-Дивуар, Гана, Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд болон ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагаанд оролцсон, шумуулд хазуулсан байв. 
Сэрэмжлүүлэг: 
  • Хумхаа өвчнийг дамжуулагч шумуулд хазуулахаас сэргийлж урт ханцуйтай хувцас өмсөх, шумуул үргээгч бодисыг хэрэглэх, орон байрны хаалга, цонх, орондоо шумуулаас хамгаалах тор татах;
  • Шумуул үржих нөхцөлийг таслан зогсоох буюу тогтонги ус үүсэхээс сэргийлэх, усны савыг тагтай байлгах; 
  • Хумхаа өвчний эрсдэл бүхий бүс нутагт зорчихдоо эрүүл мэндийн байгууллагад хандан мэдээлэл авах, хумхаагийн үүсгэгч шимэгч дарангуйлах эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэхийг ЗӨСҮТ-өөс зөвлөж байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан