Нэгэн шинэ судалгаа дэлхий даяар чихрийн шижинтэй хүмүүсийн тоо сүүлийн 30 жилд хоёр дахин нэмэгдэж 800 сая орчимд хүрсэн гэдгийг харуулсан байна. “The Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар бол 1990-2022 оны хооронд насанд хүрэгчдийн дун чихрийн шижингийн тохиолдол 7 хувиас 14 хувь болж нэмэгджээ. Бага болон дунд орлоготой орнуудад чихрийн шижингийн тохиолдол хамгийн их нэмэгдсэн байна.
Энэхүү судалгаа нь дэлхийн хэмжээнд чихрийн шижингийн түвшин, эмчилгээнд дүн шинжилгээ хийсэн анхны эрдэм шинжилгээний ажил аж. “NCD-RisC” болон ДЭМБ-ын эрдэмтэд хамтран өөр өөр улс орнуудад явагдсан мянга гаруй судалгааны тоо баримтыг ашиглаж тус дүн шинжилгээг хийжээ. Дүн шинжилгээнд 18 болон түүнээс дээш насны 140 сая гаруй хүний мэдээллийг ашигласан юм.
Судалгааны үр дүнд дэлхийн нийт чихрийн шижинтэй хүмүүсийн тал гаруй хувь нь зөвхөн дөрвөн улсад амьдардаг болохыг илрүүлжээ. 2022 онд чихрийн шижинтэй байсан хүмүүсийн дөрөвний нэг буюу 212 сая нь Энэтхэгт амьдарч байсан аж. Харин 148 сая өвчтөн БНХАУ-д, 36 сая АНУ-д, 36 сая нь Пакистанд амьдарч байжээ. Номхон далайн арлууд, Карибын тэнгис, Ойрх дорнод, Хойд Африкийн зарим оронд хүн амын 25 гаруй хувь нь чихрийн шижинтэй болсон байна. Харин өндөр орлоготой барууны орнууд дунд АНУ (12.5 хувь), Их Британи (8.8 хувь) чихрийн шижингийн тохиолдлоор тэргүүлжээ.
Эх сурвалж: The Guardian