Нэгэн шинэ судалгаа чөлөөт цагаараа дасгал хөдөлгөөн хийдэг байсан ч маш удаан хугацаагаар суух нь зүрх судасны өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байж магадгүйг харуулжээ. Тэрхүү судалгаа өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2024.11.15/ Америкийн кардиологийн коллежийн сэтгүүлд нийтлэгдсэн байна.
“Акселорометрээр хэмжсэн суунги амьдралын хэв маяг ба ирээдүйн зүрх судасны өвчний эрсдэл” нэртэй тус судалгааг ахалж бичсэн Бостон дахь Бригам ба эмэгтэйчүүдийн эмнэлгийн зүрх судасны эмч Эзим Афужо хэлэхдээ “Манай судалгааны илрүүлсэн зүйлс идэвхтэй дасгал хийдэг эсэхээс үл хамааран хэт удаан суухаас зайлсхийх чухал гэдгийг үнэхээр онцолж байна” хэмээжээ.
Эрдэмтэд долоо хоногийн турш хурдатгал хэмжигч (акселорометр) зүүсэн 90 мянган орчим хүний эрүүл мэндийн мэдээллийг ашиглаж тэрхүү судалгааг явуулсан байна. Ингэхдээ тэд хөдөлгөөнгүй сууж, идэвхтэй хөдөлгөөн өнгөрөөсөн цагийг нь ирээдүйд цус харвалт, зүрхний шигдээс, зүрхний дутагдлаар оношлогдсонтой нь харьцуулжээ. Дүн шинжилгээний хариуд урт хугацаагаар суух нь зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэх үр дүн мэдээж гарсан. Мөн хэдий хугацаанд суухыг хэт удаан суух гэж тодорхойлох талаар ерөнхий ойлголтыг эрдэмтэд гаргасан байна.
Афужо хэлэхдээ “Бид аль болох олон хүнд өдөрт 10.6 цагаас илүү суухгүй байхыг их хэмжээгээр зөвлөмөөр байна. Энэ бол биелүүлэхэд тийм хэцүү шаардлага биш. Бид үүнийг нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад хэрэгтэй анхны алхам гэж үзэж байна” гэжээ. Мөн тэрбээр “Заримдаа бид гүйх, алхах гэх мэт замаар эрүүл бус зан үйлээ бүрэн нөхөж чадна гэж боддог. Судалгааны үр дүнгээс харахад бидний хэлж зүйл бол дунд зэргийн болон эрчимтэй дасгал хийх нь удаан хугацаанд суухын хөр хөнөөлийг саармагжуулахад хангалтгүй” хэмээсэн юм.
Эх сурвалж: CNN