Америкт давжаа лууван нэг хүний аминд хүрч, E.coli бактерийн халдварын улмаас лууванг эргүүлэн татаж байна гэж Улсын өвчний хяналт, хамгаалалтын төвөөс мэдээлжээ.
АНУ-ын 18 мужид илэрсэн энэхүү халдварыг Wegmans, 365, Trader Joe’s болон Nature’s Promise зэрэг брэндийн давжаа луувангийн бүтээгдэхүүнтэй холбон үзэж байна.
Өнөөдрийн байдлаар "Grimmway Farms"-аас нийлүүлэгдсэн органик луувантай холбоотойгоор нийт 39 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нэг хүн нас барсан гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ. Уг бүтээгдэхүүнүүд дэлгүүрүүдэд худалдаалагдахаа больсон ч хэрэглэгчдийн гэрт байх магадлалтай байгаа аж.
E.coli бактерийн тухай:
"Escherichia coli" буюу "E.coli" бактери нь байгаль орчин, хүнс, ус, мөн амьтны болон хүний гэдэсний замд байдаг нян юм. Зарим төрлийн E. coli нь суулгалт, шээсний замын халдвар, уушгины хатгалгаа, цусны халдвар (сепсис), бөөрний дутагдал эсвэл үхэлд хүргэх аюултай.
Хүүхдүүд, өндөр настан, дархлаа султай хүмүүс, мөн олон улсын аялагчид энэ халдвараар өвчлөх өндөр эрсдэлтэй. Гэхдээ хүн бүр амьтантай харьцах, бохирдсон хүнс, усыг хэрэглэх зэргээр халдвар авах эрсдэлтэй байдаг байна.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс иргэдийг дараах арга хэмжээг авахыг зөвлөжээ.
- Бүтээгдэхүүнийг хаяж, хэрэглэж болохгүй.
- Гэдэсний халдварын хүнд шинж тэмдэг илэрвэл шууд эмчид хандах (жишээ нь, 38°C-аас дээш халуурах, шингэн зүйл ууж чадахгүй болох хүртэл бөөлжих, хэт шингэн алдалт).
- Халдварлагдсан байж болзошгүй луувантай харьцсан бүх сав суулга, гадаргууг сайтар угаах.
Эх сурвалж: Washington Post