Их Британид тээвэр хийдэг Дэйв 2020 онд КОВИД-оор өвчилснийхээ дараа дотор нь муухайрах болсон талаар “Insider”-д ярьжээ. Үнэн хэрэгтээ тэрбээр 2020 онд КОВИД-19 -ийн халдвар авсан олон хүний нэг бөгөөд халдвар авснаас хойш удаан хугацааны туршид ходоодноос хүчил ялгарах, өтгөн хатах, гүйлгэх зэрэг хоол боловсруулах эрхтний байнгын асуудалтай тулгарсан олон мянган хүний нэг юм. Шинэ судалгаагаар вирусийн халдвар авсан хүмүүс, тэр ч байтугай хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй хүмүүс ч гэсэн КОВИД-оор өвчлөөгүй хүмүүстэй харьцуулахад ходоодны өвчин тусах магадлал өндөр байгааг тогтоожээ. Судлаачид КОВИД-оор өвчилсөн АНУ-ын 154 мянга гаруй хүнийг вирусийн халдвар аваагүй 5.6 сая орчим үе тэнгийнхэнтэй харьцуулсан байна. Илүү хүнд хэлбэрийн халдвартай эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн хувьд ходоод гэдэсний замын урт хугацааны асуудал үүсэх эрсдэл нэмэгддэг байна. Нью Йорк Таймс сонинд мэдээлснээр, КОВИД-оор өвчилсөн хүмүүс халдвар аваагүй хүмүүстэй харьцуулахад удаан хугацааны ходоод гэдэсний асуудалтай байх магадлал дунджаар 36 хувь илүү байжээ. 2022 оны арваннэгдүгээр сард “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар коронавирус нь гэдэсний сайн ба муу бактерийн байгалийн тэнцвэрт байдалд саад учруулж, өвчтөнүүдийг хоёрдогч халдвар авах эрсдэлтэй болгодог байна. Саяхны судалгаанд хамрагдсан судлаачид КОВИД-тэй холбоотой архаг үрэвсэл нь ходоод гэдэсний замын шинж тэмдгүүдийн удаан үргэлжлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж таамаглаж байна.