Ж.Нарангэрэл: Халдварын тархалт уушгинд хэр үрэвссэнээс шалтгаалан эдгэрэхдээ сорви үлдээж байгаа

Халдвар аваад эдгэрсэн хүмүүс эдгэрснийхээ дараа ямар эмчилгээ хийлгэх талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Анхан болон лавлагаа тусламжийн хэлтсийн дарга Ж.Нарангэрэлээс тодрууллаа.
-Халдвар авсан хүний халдвар тараах хугацаа хэд хоног байдаг вэ. Мөн халдвар авснаас хойш 10 хоногийн дараа шууд эдгэрсэнд тооцож байна уу?
-"Ковид-19 вирусийн шинж тэмдэг илэрснээс хойш ойролцоогоор 14 хоногийг халдвар тараах эрсдэлтэй үе гэж үзнэ. Үүнийг идэвхтэй халдварын үе гэнэ. Хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэнийг 14 хоногийн дараа эдгэсэн гэж тооцно. Бусад энмэлзүйн хүнд, хүндэвтэр хэлбэрээр өвдсөн бол халдвар тээх хугацаа тодорхой хэмжээнд уртсах юм. Идэвхтэй халдварын үе өнгөрсөн ч тухайн халдвар авсан хүнд ямар нэг зовиур байгаа бол холбогдох чиглэлээр нь эмчид үзүүлэх шаардлагатай. Идэвхтэй халдварын үе дууссан хүн бусдад халдвар тараах эрсдэл бага буюу байхгүй. Тиймээс халдвар аваагүй хүмүүстэй адил эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх бүрэн боломжтой. Харин хүнд, хүндэвтэр хэлбэрээр өвдсөн хүмүүст сэтгэлзүйн болон бие махбодын хувьд удаан хугацаагаар хадагалагдан үлдэх эмгэгүүд байж болзошгүй.
-Эдгэрсэн хүмүүсийн уушгинд ямар нэг үлдэц үлдэж байна уу?
-Ковид19 халдварын тархалт уушгинд ямар хэмжээний талбайг хамран үрэвссэнээс шалтгаалан эдгэрэхдээ сорви үлдэж байгаа. Магадгүй насан туршид хадгалагдаж болзошгүй. Энэ нь хүний амьсгалын багтаамжийг багасгадаг. Энэхүү хор уршгийг багасгахын тулд иргэд мэргэжлийн эмчид үзүүлснээр халдварын дараа уушгинд үлдсэн гэмтлийн талбайг үнэлэн эмийн эмчилгээ болон сэргээн засах эмчилгээний арга, амьсгалын дасгал санал болгох юм. Мөн рашаан, сувилал, сэргээн засах клиникүүд хамтран ажиллах юм. Гэхдээ ковид 19-ын халдвар авсан хүн бүрт ямар нэг эмгэг үлдэнэ гэсэн үг биш. Халдвар авсан хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Энэ тохиолдолд бусад эрхтэн тогтолцооны системд үлдсэн эмгэг, хортой зүйл одоогоор ажиглагдаагүй байна. Эдгээр хүмүүст заавал сэргээн засах эмчилгээ хийх шаардлагагүй. Мөн үлдсэн 20 хувь болох хүнд, хүндэвтэр хэлбэрээр өвдсөн хүмүүсийн тодорхой хувьд нь уушги, эрхтэн тогтолцоо, сэтгэл зүйн хүндрэл үүсэж байгаа. Эдгээр хүмүүс сэргээх засах эмчилгээ хийлгэх шаардлагатай. Коронавирус бол шинэ төрлийн өвчин учир эмчилгээ хийхийн хажуугаар судалгаа, шинжилгээ давхар хийгдэж байна. Тиймээс халдвар авсан иргэдийн биед хэсэг хугацааны дараа өөрчлөлт үүсэхийг үгүйсгэх аргагүй.
-Халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахиж халдвар авахгүй гэсэн ойлголттой иргэд их байх шиг байна?
-Зарим хүмүүс хөнгөн хэлбэрээр өвдсөн бол дархлаа тогтож дахиж халдвар авахгүй гэсэн ташаа ойлголттой байна. Дархлаажуулалтад хамрагдах боломжгүй иргэд, жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, хууч өвчтэй хүмүүс байгаа учир иргэд дор бүрнээ халдварын асуудалд хайнга битгий хандаасай гэж хүсэж байна. Салбар яамдын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон мэргэжилтнүүдийн хэлж буй зөвлөгөөг чанд сахих хэрэгтэй. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нь хувь хүний эрхийн асуудал. Гэхдээ энэ бол тэвчиж болох зүйл учир хайртай хүмүүсийг эрсдэлд оруулахгүй байж хамгаалах нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах юм.
Э.Дэлэгнанзад
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан