Тогтолцооны толбо: Ачтанаас ялтан

Тогтолцооны толбо: Ачтанаас ялтан

 

Монгол Улсад 3000 орчим иргэн бөөрний диализ эмчилгээнд хамрагдаж, нэрнийхээ урд “өвчтөн” гэх тодотголтойгоор өдөр, хоногийг өнгөрөөж буй. Мөн элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 430 хүний нэр “амь горилох” хүлээлгийн жагсаалтад эгнээтэй байна.

Тэдний эрүүлжиж, илаарьших, илүү урт хугацаанд хорвоогийн тоосыг хөдөлгөх боломжит ганц зам нь донор олох. Тэр дотроо амьгүй буюу тархины үхэлтэй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах юм. Харамсалтай нь, манай улсад амьгүй донор олох нь тэнгэрээс од шүүрэхтэй адил ховор тохиол. Тиймээс энэ төрлийн өвчтэй иргэдийн олонхыг золгүй хувь тавилан хүлээдэг нь гашуун үнэн. Өнгөрсөн оны байдлаар бөөрний архаг дутагдалтай 167 хүн донор олдоогүйн улмаас харамсалтайгаар нас барсан бол сүүлийн гурван жилд элэгний донорын хүлээлгийн жагсаалтад байсан 30 гаруй иргэн ижил шалтгаанаар амиа алдсан байна. Аварч, амьдарч болох байсан зуу, зуун амь донор олдоогүй ганцхан шалтгаанаар хорвоогийн мөнх бусыг үзсээр байгаа юм.

Амьгүй донороос эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ бол дэлхийн анагаах ухааны салбарын томоохон ололт. Дэлхийд 1963 оноос хийгдэж эхэлсэн энэ төрлийн эмчилгээг манай улс нутагшуулаад 20 орчим жилийн нүүр үзэж буй. Мөн хугацаанд 31 амьгүй донороос 45 хүнд бөөр, 27 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийсэн бөгөөд 170 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ. Ийнхүү 72 хүний амь насыг аварч, 170 гаруй хүний амьдралын чанарыг сайжруулсан байна. Өвдсөн, эндсэн хүмүүстэй харьцуулахад бага тоо ч эрүүл нэгний эрхтэнг, системийг гэмтээхгүйгээр тэр хэмжээний хүний алтан амийг аварсан гэдэг том амжилт. Хамгийн гол нь энэ төрлийн эмчилгээ хийх баг, систем нутагшиж чадсан нь цаашид олон монгол иргэний амь насыг, хамгаалах гол түлхүүр юм. Харамсалтай нь, Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун эмчтэй холбоотой хууль, шүүхийн асуудал үүссэнээс хойш 20 орчим жил нутагшсан энэ систем, тэр хөрс доголдоход хүрээд байна.

Амьгүй донороос эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах нь бусдад амьдрал бэлэглэдэг цаглашгүй буянтай үйл болохыг гадарлаж эхэлж байсан иргэд энэ ажилд эргэлзэх боллоо. Энэ бол донор хүлээн өдөр хоногийг өнгөрөөж буй мянга, мянган иргэний хувьд хамгийн муу мэдээ.

Эмчийг суллах уу, яллах уу?

Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун эмчид шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон. Түүнийг Эрүүгийн хуулийн 15.3.2-р заалтаар зүйлчилж, ялласан бөгөөд хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн юм.

Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтнийг авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 15.3.2-р заалт

Амьгүй донороос эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нутагшуулахад манлайлан оролцож, энэ ажлыг ашиг сонирхол, арилжаа, наймаанаас ангид байх учиртайг олон нийтэд ухуулан, таниулж ирсэн хүний гавьяат эмч өнөөдөр бусдын эд, эрхтнийг хууран мэхлэн, заналхийлж, хүч хэрэглэн авсан гэмт хэрэгт буруутгагдах болсон нь тун сонин өнцөг. Болсон явдал, бодит нөхцөлийг товч дурдъя.

2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө иргэн А зам тээврийн осолд орж, тархины үхжилттэй болох нь тогтоогдсон. Тиймээс Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаныхан чиг үүргийн хүрээнд хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаж, донор болгох хүсэлт тавьжээ. Улмаар ар гэрийнхэн нь зөвшөөрч, эмч, мэргэжилтнүүд эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг зохион байгуулсан байна. Гэвч элэг, бөөр болон дагалдах судаснуудыг нь л авахыг зөвшөөрсөн байхад өөр эртхэн зөвшөөрөлгүй авлаа гэж хохирогчийн ар гэрийнхэн үзсэн тул шүүхэд хандсан юм. Үүний дагуу Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун яллагдсан.

Анхан шатны шүүхээс 2.6 жил хорих ял оноосны дараа П.Батчулуун эмчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүх гомдолд үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн юм. Гэхдээ эмчийг суллах уу, үргэлжлүүлэн яллах уу гэдэг нь одоогоор эцэслэн тогтоогдоогүй. Учир нь, өмгөөлөгчийн зүгээс Улсын дээд шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгдсэн.

Тогтолцооны толбо: Ачтанаас ялтанМонголын анагаах ухааны эрх зүйн хорооны ерөнхийлөгч, өмгөөлөгч Э.Ганбат

"Бид Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. Дээд шүүх гомдол бүрийг танхимаар авч хэлэлцэх зохицуулалтгүй. Гэхдээ энэ тохиолдолд авч хэлэлцэх хуулийн зохицуулалт бий. Эрх зүйн шинэ ойлголт зарчмын маргаантай хэрэгт гомдол гаргасан байвал Улсын дээд шүүх танхимаар авч хэлэлцэх боломжтой байдаг. Анх 2002 онд Эрүүгийн хуульд Хүний эд эрхтнийг хууль бусаар авах гэмт хэргийн зохицуулалт орсон. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд ийм төрлийн хэрэг маргаан нэг ч удаа шийдвэрлэгдээгүй. Тиймээс урьд нь хэрэглэгдэж байгаагүй шинэ хуулийн ойлголт, зохицуулалтын энэ тохиолдлыг Улсын дээд шүүх хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэхээс хамаарч үүнээс хойш энэ төрлийн хэргийг ингэж шийдвэрлэх юм байна гэсэн шүүхийн практик тогтоно."

Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд түүнийг цагаатгах боломжтой аж.

Тогтолцооны толбо: Ачтанаас ялтан

Үндэслэл

Хоёр шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон байхад Дээд шүүхэд хандаж буй үндэслэлийг П.Батчулуун эмчийн тал хэрхэн тайлбарлаж буйг нийтлэлийн энэ хэсэгт сийрүүлье. Өмгөөлөгч болон хуульчдын тайлбарлаж буйгаар Донорын тухай хуульд амьд донор, амьгүй донор гэдэг ойлголтын ялгааг тодорхойлсон байдаг бөгөөд П.Батчулуун эмчийг ялласан заалт нь амьгүй донорт хамаарахгүй аж. Мөн Эрүүгийн хуульд амьгүй донороос зөвшөөрөлгүйгээр эс, эд, эрхтэн авсан бол ямар ял оноох хуулийн нарийн заалт байхгүй гэдгийг ч тайлбарлаж буй.

Харин эмч, мэргэжилтнүүдийн хувьд, амьгүй донороос элэг, бөөр, шөрмөсийг дан дангаар нь авч суулгадаггүй. Заавал дагалдах эрхтнүүдийн хамт авдаг. Энэ мэргэжлийн процессыг хууль шүүхийнхэн болоод ард иргэд мэдэхгүй байна гэх байр суурь илэрхийлээд байгаа юм.

Тогтолцооны толбо: Ачтанаас ялтанГавьяат эмч, доктор, профессор Л.Жамбалжав

"Хүмүүс элэг шилжүүлэн суулгана гэхээр элэг л гэж ойлгоод байна. Элгийг дагаж, элгийг тэжээж байгаа артер, тараагуур судас, элгэн дундуур явдаг үүдэн судас, цөсний замыг авдаг. Бөөрийг тэжээгч судас, шээлгүүр зэрэг дагалдана. Шөрмөсийг ястай хэсгээс нь хусаж авдаг. Энэ бүхэн дэлхий дээр батлагдсан бэлэн аргачлал. Үүний үндсэн дээр эмч нар ажиллаж, эрхтнийг нь авсан. Цаашид бүгдийг нь дэлгэрэнгүй бичих ёстой эсэхийг хуулийн хүрээнд тодорхой болгох учиртай."

Тогтолцооны толбо: Ачтанаас ялтанХүний гавьяат эмч, төрийн шагналт, Клиникийн профессор, зөвлөх эмч Б.Төмөрбаатар

"Эмнэлгийн практикт нэг цогцосноос 7-8 эрхтэн авч, шилжүүлэн суулгадаг тооцоо, судалгаа бий. Эд эрхтэнг донороос авахдаа ганцхан тухайн эрхтэнг нь л авдаггүй. Системээр нь авдаг. Бөөр авлаа гэж бодоход, шээлгүүргүй, судасгүй мухраар нь авбал хүнд суулгах аргагүй болно. Үйл ажиллагаа нь сэргэхгүй. Системээр нь авч, хүнд суулгаж байж үйл ажиллагаа нь сэргэдэг. П.Батчулуун эмчийг системээр нь авсныг хууль хүчний байгууллага ойлгож байгаа болов уу. Эд, эрхтнийг системээр нь авч суулгасан байхад буруутгаад байна."

Харин хохирогчийн ар гэрийнхэн П.Батчулуун эмчийг элэг, бөөр л авна гэж хэлж, зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулахдаа маягт дээр авах эрхтнээ бичээгүй байсан. Дараа нь хоосон зайд элэг, бөөрнөөс гадна шөрмөс нэмж бичсэн хэмээн буруутгаж байгаа аж.

Биднийг эмнэлэгт очиход тархины үхжилттэй гэж эмч нар хэлсэн. Тухайн үед би ухаан мэдрэлгүй л байсан. Өглөө нь эмч нар донор болгооч гэсэн. Сүүлд нь П.Батчулуун эмчтэй уулзсан. Элгийг нь хоёр бөөртэй нь өгөөч гэхэд нь миний охин үнэхээр босож ирэхгүй болчихсон бол гурван хүүхдийг нь бодоод түмэнд буян болъё гэж бодсон. Гэтэл миний охины хөлийн яс, шөрмөс бүгдийг нь авчихсан байсан. Гаргахад нь бид мэдсэн. Хоосон хальсан дотор цутгамал хийчихсэн байсан. Зөвшөөрлийн хуудас дээр ямар, ямар эрхтэн бичсэнийг би тухайн үед анзаараагүй. Гарын үсэг зурсан. Надад элэг, бөөр л гэж хэлсэн. Дараа нь “Уучлаарай, ганц нэг судас авч магадгүй” гэж хэлсэн. Хэрэв элэг, бөөр, хөл, гарынх нь ясыг авна гэдгээ хэлсэн бол би донор болгохгүй байсан. Анхнаасаа үнэн зөвөө хэлсэн бол ийм нөхцөлд хүрэхгүй.
Хохирогч А-гийн ээж

 Шүүх ар гэрийн гомдлыг үндэслэн, шийдвэрээ гаргасан байна.

П.Батчулуун нь хохирогч А-ийн ар гэрийн хүмүүст “элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авна” гэж тайлбарлан “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т гарын үсэг зуруулж зөвшөөрөл авахдаа авах эрхтний нэр бичих хэсгийг хоосон орхиж гарын үсэг зуруулсны дараа “элэг, бөөр, шөрмөс” гэж нөхөн бичсэн. Улмаар донорын биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс, semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг нэмж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс

 Хууль чамбайрах хэрэгцээ

Хэргийн учиг яаж ч эргэсэн золгүйгээр амиа алдаж, бусдад амь, амьдрал бэлэглэсэн хүндэт донор, энэ системийг эх орондоо нутагшуулахаар мэрийж ирсэн эмч хоёрт тохиолдсон харамсалтай эл үйл явдал манай улсын Донорын тухай хууль иргэндээ ээлтэй, эмч, мэргэжилтнээ хамгаалдаг байх хэрэгтэйг тод, томруунаар харууллаа.

Монгол Улс Донорын тухай хуулийг анх 2000 онд баталсан. Гэвч хуульд амьгүй донорын асуудлыг тусгаагүй байсан тул 10 илүү жил дээрх асуудал эрх зүйн зохицуулалтгүй явж ирсэн. Харин 2018 онд уг хуулийг шинэчилж, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тодорхой заалтууд оруулжээ. Үүнээс гадна, 2012, 2014, 2022 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Гэхдээ одоогийн хууль амьгүй донорын эмчилгээний нарийн зохицуулалт дутмаг, эмч эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлыг хамгаалах тал дээр сул байгаагаас гадна донор болсон иргэдийн эрхийг хангаж дөнгөхгүй байна.

Асуудал 1:

Манай улс цусны донор болон эд, эс, эрхтний донорын асуудлыг нэг л хуулиар зохицуулдаг. Харин дэлхийн бусад оронд эдгээр асуудлыг тусдаа, бие даасан хуулиар шийдвэрлэдэг байна. Цусны донорыг уриалж, сэдэлжүүлэх боломжтой байдаг бол эд, эс, эрхтний донорт илүү хянамгай хандах шаардлагатайгаас эхлээд энэ хоёр хуулийг салгах хэрэгцээ олон бий. Эд, эс, эрхтний донорт ямар нэг санхүүгийн хөшүүрэг үзүүлэх нь ашиг, хонжоо, авцаа өгцөөг дэлгэрүүлж, хүний болон эд, эрхтний наймааг цэцэглүүлэх эрсдэлтэй гэж ДЭМБ үздэг аж. Энэ мэт шалтгааны улмаас хуулийг тусгаарлан, шинэчлэхээр албаныхан ажиллаж байгаа юм.

Тогтолцооны толбо: Ачтанаас ялтанУИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн

"Донорын хуулийг цусны донор, эд, эс, эрхтний донор гэж хоёр тусдаа хууль болгож өргөн барьсан. Засгийн газрын санал авахаар явж байгаа. Энэ хоёр хууль нэг дор явж ирсэн. Цусаа өгөөч гэж болох ч эрхтнээ өгөөч гэж гуйж болдоггүй. Үндсэн агуулга тусдаа учир салгах учиртай. Эд, эс, эрхтэн шилжүүлэх ажиллагаа бол хэсэг бүлэг хүний шийддэг бус том тогтолцоотой ажил. Хуулийн өөрчлөлт нь энэ эмчилгээг илүү хариуцлагатай, сайжруулах зорилготой."

Асуудал 2:

Эрүүл мэндийн сайдын А/198 дугаар тушаалын дагуу амьгүй донорын гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авч, ар гэрийнх нь гурван хүнээр “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т гарын үсэг зуруулах журамтай. Ингэхдээ ямар, ямар эрхтэнг дагаж, юу, юу авах тухай нь маш нарийн тусгах эрх зүйн зохицуулалт мөн л манай улсад алга. Энэ нь эмч мэргэжилтнүүдэд төдийгүй иргэдэд ч хүндрэл учруулж байгаа юм. Элэг, бөөр, шөрмөстэй нь хамт ямар эрхтэнг нь дагалдуулан авч, шилжүүлэн суулгах тухай ар гэрийнхэн нь мэдэх эрхтэй. Тиймээс мэдээлэх үүргийг хуульчлах нь зүй. Эсвэл зарим улсын жишгээр, донор болгохыг ар гэрийнхэн нь зөвшөөрсөн тохиолдолд боломжит эрхтнийг нь авч, шилжүүлэн суулгах эрхийг эмч, эмнэлгийн байгууллага эдлэх нь зүй. Ингэвэл донорын ар гэрийнхэн ч тодорхой төсөөлөлтэй байх бөгөөд зөвшөөрөх хуудаст гарын үсэх зурахаасаа өмнө нөхцөл байдлыг гадарлах боломж бүрдэх юм.

Тогтолцооны толбо: Ачтанаас ялтанДонорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга

"Зөвшөөрлийн тухайд донор болох, донор болохгүй гэдэг хоёр л сонголт бий. Энэ эрхтнийг нь авч болохгүй, энэ эрхтнийг нь авч болно гэдэг нарийвчилсан журмыг хуульд нийцүүлэх шаардлага байж болохыг үгүйсгэх аргагүй. 2018 онд Донорын тухай хуульд анх удаа тархины үхэлтэй донорын эрх зүйн зохицуулалтыг хийж байсан учраас монгол хүний итгэл үнэмшил дээр тулгуурлаад “татгалзаагүй л бол кадавр донор болгож болохгүй юм байна” зөвшөөрөл авах ёстой юм байна гээд хүнлэг хууль санаачилсан. Өнөөдрийн байдлаар бол ар гэрийн зөвшөөрлөөр л явж байна. Хуульд кадавр донор болохыг зөвшөөрсөн л бол эд, эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой гээд заасан нь бий. Хууль зүйн талаасаа зөвшөөрөх, зөвшөөрөхгүй гэдэг асуудлаас гадна зөвшөөрсний дараа эрүүл мэндийн байгууллага дотор явагддаг нарийн процесс дунд сайжруулах зүйлүүд байгаа бол дахиад хуулиа сайжруулах уу, хэрхэх вэ гэдэг шийдлийг олох хэрэгтэй."

Асуудал 3:

Зарим улс оронд гэр бүлийн уулзалт болон зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зурах хүртэлх процессыг дүрсжүүлдэг байна. Энэ нь донорын ар гэрийнхний болоод тухайн процесс дээр ажиллаж буй албан хаагчдыг дараа нь үүсэх эрсдэлээс сэргийлдэг аж. Манайд харин “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-аар асуудлыг ацаглаж иржээ.

Эмч эмчилгээгээ, хуульч гэрээгээ хийх нь зүй

Асуудал 4:

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны үндсэн чиг үүргийн нэг нь донорыг олох, ар гэрийнхэнтэй нь уулзаж, зөвшөөрөл хүсэх юм. Зөвшөөрсөн тохиолдолд өмнө өгүүлсэн маягтанд ар гэрийнхнээр нь гарын үсэг зуруулах ажлыг ч тэд гардан гүйцэтгэнэ.

5.6.Амьгүй болон тархины үхэлтэй боломжит донорын гэр бүл зөвшөөрсөн тохиолдолд батлагдсан маягтад гарын үсэг зурж баталгаажуулна.
Эрүүл мэндийн сайдын А/198 дугаар тушаалаас

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн харьяа Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба таван хүний бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Албан хаагчдынх олонх нь эрүүл мэндийн салбарынхан. Амьгүй донорыг олох, ар гэрийнхэнтэй нь уулзах, зөвшөөрөл хүсэх үүрэг бүхий энэ төрлийн алба, агентлаг дэлхийн бусад оронд ч бий. Манайхаас ялгаатай нь, эдгээр байгууллагад 50-аас дээш хүн ажилладаг бөгөөд, хуульч, гэрээний мэргэжилтэн, сэтгэл судлаач, нийгмийн ажилтан зэрэг албан хаагчид үүрэг гүйцэтгэдэг. Харин манайд хуульч, сэтгэл зүйч байдаггүй учир зөвшөөрөл хүсэх, гарын үсэг зуруулах, таниулах, ярилцах зэрэг бүх л ажлыг албаныхан өөрсдөө хийж буй. Магадгүй үүний уршигаар өнөөдрийн нөхцөл байдал үүссэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Б.Алтантулга: МАНАЙД ХУУЛЬЧ, СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ОРОН ТОО БАЙДАГГҮЙ

Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба чиг үүрэг, нөхцөл байдлын талаар тус албаны дарга Б.Алтантулгатай ярилцлаа.

Албаныхаа чиг үүргийг талаар товч танилцуулахгүй юу?

Тогтолцооны толбо: Ачтанаас ялтанБид боломжит донор гарсны дараа амь нас аврах үйл ажиллагаа явагдсан эсэхийг эхлээд хянадаг. Тархины үхэлд хүрсэн эсэх нь тогтоодог тусдаа баг бий. Тухайн баг хоёр удаагийн үзлэгээрээ тархины үхэлтэй үгүйг нь баталсан эсэхийг хянадаг гэсэн үг. Дараа нь донорын гэр бүлтэй уулзаад, бусдын амь насыг аврахын төлөө донор болох хүсэлт тавьдаг. Ингээд гэр бүл зөвшөөрсөн тохиолдолд хуулийн дагуу гэр бүлийн гурван гишүүнээс зөвшөөрөл аваад, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэр бүлийн уулзалт нэг л удаа болдоггүй. Хамгийн багадаа 2-3 удаа уулзана. Уулзалт маш хүнд нөхцөлд болдог. Гэр бүлийнхээ хүнийг найдваргүй, тархины үхэлтэй болохыг нь сонссон даруй нь бид донор болгохыг санал болгодог болохоор бидэнд ч амаргүй байдаг.

Донорын ар гэрийнхнээр зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулахдаа дагалдаж авах эд, эс, эрхтнийг нь бичдэг үү?

Донорын тухай хуулийн 3.1.1 дээр хүний эс, эд, эрхтэн гэж хүний эрхтэн, эрхтний хэсэг, эс болон эдийн нийлмэл бүрдлийг хэлнэ гэж тусгасан байдаг. Шөрмөсийг эд гэж олон улсад нэрлэгддэг. Шөрмөсийг дангаар нь аваад суулгахаар төдийлэн үр дүнгүй байдаг. Харин тэжээж байгаа ойролцоох ясны хэсэгтэй нь авч суулгах юм бол илүү үр дүнтэй. Мөн элэг цөсний хүүдийтэйгээ, тэжээж байгаа тараагуур, хураагуур судастайгаа байна. Эдгээрийг нэг бүрчлэн зөвшөөрлийн маягтан дээр бичдэггүй. Донорын тухай хуульд нэг бүрчлэн бичнэ гэсэн нэг ч үг, үсэг, тэмдэглэл байхгүй. Олон улсад ч тийм байдаг. Тэр эрхтнийг нь өгнө, түүнийг нь өгөхгүй гэх асуудал бусад улс оронд байдаггүй. Донор болгохыг, донор болохоо зөвшөөрсөн бол боломжит эрхтнээ өгдөг. Тиймээс энэ асуудлыг шинэ хуулийн төсөл дээрээ тусгах нь зүй гэж үзэж байгаа.

Танай албанд хуульчийн орон тоо бий юу. Гарын үсэг зуруулах ажлыг эмч нар хариуцдаг уу?

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зохицуулах албанд батлагдсан хуульчийн орон тоо байхгүй. Тус, тусын асуудал хариуцсан мэргэжилтэнтэй. Өнөөдрийн байдлаар, албаны даргатайгаа нийлээд таван хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвд гэрээт хуулийн зөвлөх байдаг. Гэр бүлтэй уулзахад бид ямар нэг хуульч, эрх зүйчтэй хамт явдаггүй. Бусад улс оронд хуульч, эрх зүйч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэргийг хамт авч явдаг. Тэгэхээр цаашид эдгээр мэргэжилтнүүдийг хамт авч явдаг байх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн гэр бүлтэй уулзаж байхдаа тухайн процессын дуу, дүрсийг ямар нэг байдлаар баримтжуулах шаардлагатайг хуульд тусгах хэрэгтэй байна. Тэгвэл сонссон, сонсоогүй, ойлгосон, ойлгоогүй гэх асуудал шийдэгдэх боломжтой. 

Донорын ар гэрийнхэнд оршуулгын тэтгэмж өгдөг. Гэхдээ Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд л олгодог байсан. Энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн үү?

2023 оны Донорын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оршуулгын тэтгэмжийг оруулж өгсөн. ХНХЯ тай хамтраад, шийдвэрлүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас гарч байгаа мөнгө учир даатгуулагчид л хамаатай. Улмаар 36 сараас дээш хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд оршуулгын тэтгэмж өгдөг байсан. Өнгөрсөн жил үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт ороод, донор даатгуулагч биш бол Эрүүл мэндийн сайдын дэргэдэх дэмжих сангаас оршуулгын тэтгэмж олгодох зохицуулалттай болсон. Гэхдээ үүнийг цаашдаа харах хэрэгтэй. Донорын үйл ажиллагаа бол цэвэр сайн дурын үндсэн дээр байх учиртай. Хүний наймаа, эд, эрхтний наймаа болохоос сэргийлэх үүднээс санхүүгийн хөшүүрэггүй байх хэрэгтэй гэж дэлхий нийт үздэг. Тиймээс оршуулгын тэтгэмж олгох эсэхийг дахиж харах хэрэгтэй.

Тархины үхэлтэй донороос эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ бол олон мянган иргэний амь нас, амьдралын чанартай шууд холбоотой амин чухал асуудал. Тиймээс “тогтолцооны толбо”-ноос үүдэлтэй элдэв асуудлаас ангид байж, систем нь зөв голдирлоор нутагших нь зүй.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан