Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч болон УНТЭ-ийн Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд өнөөдөр /2025.03.19/ мэдээлэл хийлээ.
Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн:
-Эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаа дэлхийд хөгжөөд 40 гаруй жил болж байна. Монгол Улсад эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хөгжиж эхлээд 20 орчим жил болж байгаа. Ингэхдээ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн энэ хөгжилд хүрэхэд эд, эс эрхтэн суулгах явцын талаар иргэдэд гүйцэт ойлголт өгөөгүй юм байна. Үүнээс үүдэж ийм асуудал гарлаа. Анх 2011 онд элэг шилжүүлэн суулгаснаас хойш УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах төвд өнөөдрийн байдлаар 306 хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Ингэхдээ 17 хүнд тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан. Энэ нь ердөө 5 хувь гэсэн үг. Бусдад нь дандаа амьд донороос элэг шилжүүлэн суулгасан. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах алба 2018 онд байгуулагдсан. Тус алба байгуулагдсанаас хойш талийгаач болсон 270 гаруй хүний ар гэрт санал тавьснаас 31 хүний ар гэрээс тархины үхэлтэй донор болохыг зөвшөөрсөн.
Элэг шилжүүлэн суулгах багт элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад горьдлого тээгээд байж байна.
Сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан. П.Батчулуун эмч болон эс, эд эрхтэн суулгах албатай холбоотой асуудал гарснаас хойш тархины үхэлтэй донор байхгүй болж амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна.