Манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах нийт мэс заслын 95 орчим хувь нь амьд, эрүүл донороос буюу эцэг нь хүүдээ, охин нь ээждээ, ах нь дүүдээ эд, эрхтнээ өгч донор болж байна.
Дэлхий дахинаа эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээх хуудсанд бүртгэгдсэн өвчтнүүдийн 5-10 хувь нь донорын хүрэлцээгүйн улмаас эмчилгээгээ хийлгэж чадалгүй нас бардаг байна. Тиймээс тархины үхэлтэй донороос эрхтэн авч шилжүүлэн суулгах нь хамгийн оновчтой сонголт байдаг.
Засгийн газар Эрүүл мэндийн яамнаас 2018 онд Донорын тухай хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Уг хуульд заасны дагуу Монгол Улсад эрхтэн шилжүүлэх алба байгуулагдан ажиллаж эхэлснээр 2019 онд Нэгдүгээр эмнэлэгт тархины үхэлтэй донороос дөрвөн хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ хэмээн УНТЭ-ээс мэдээллээ.