Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн тэргүүлдэг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурал өчигдөр /2022.08.01/ болжээ.
Хурлаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөгөөр шинэчлэн тогтоосон байна.
Мөн амьгүй донор болж эс, эд эрхтнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган төгрөгөөр тогтоолоо. Энэ тогтоолыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм.
Монгол Улсад 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлснээс хойш өнөөг хүртэл 200 гаруй, 2011 оны есдүгээр сард элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулснаас хойш өнөөг хүртэл 100 гаруй хүнд энэ нарийн түвэгтэй мэс заслыг хийгээд байна. Манай улсын үндэсний багийн эмч нар элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтай нутагшуулснаар энэ төрлийн шалтгаанаар монголчууд гадаад руу явж эмчлүүлэх шаардлагагүй болсон. Эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай боловч тохирих донор олдохгүйн улмаас өвчиндөө шаналж буй иргэд ч цөөнгүй байдаг аж.
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Гавьяат эмч П.Батчулуун, Монголд бөөр, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай ч тохирох донор олдохгүйн улмаас хүлээх жагсаалтад бичигдсэн 550 гаруй хүн бий. Энэ тоо нэмэгдэх хандлагатай. Гол нь амьгүй донорын хүртээмж, олдоц тааруу байна” хэмээн 2021 оны аравдугаар сард “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
УИХ-аас Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны зургаадугаар сарын 17-нд өдөр баталсан. Уг хуулийн 15 дугаар зүйлд “Амьгүй донороос эс, эд, эрхтэн авах” зохицуулалтыг тусгасан бөгөөд хуулийн:
- 15.1.Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна.
- 15.2.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна.
- 15.3.Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана.
- 15.4.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбарт оролцож байгаа буюу реципиентийг эмчилж байгаа эмч энэ хуулийн 10.1.2-т заасан багийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно хэмээн тусгажээ.
Золгүй байдлаар тархиндаа гэмтэл авсан, эсвэл цус харваж амь эрсэдсэн тохиолдолд Донорын хуульд тусгаснаар амьгүй донор болох нөхцөл үүснэ. Энэ асуудлыг манай улсад донорын эмнэлгүүд болох УГТЭ, ГССҮТ болон Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран шийдвэрлэн ажиллаж байна.