НҮБ: Веган дэглэм шим тэжээлийг нөхөж чаддаггүйг анхааруулав


Веган хоолны дэглэм нь өндөг, сүү, махнаас олж авдаг хүний биед амин чухал шим тэжээлийг нөхөж чаддагүй гэж НҮБ-аас анхааруулжээ. 
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын  шинжлэх ухааны зөвлөх хороо амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрсдэл, ашиг тусыг үнэлэхийн тулд өнөөг хүртэл хийсэн 500 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг судалж, иж бүрэн дүн шинжилгээ хийжээ.
Улмаар мах, өндөг, сүү нь уураг, чухал тосны хүчил, төмөр, кальци, цайр, селен, В12 витамин, холин, түүнчлэн эрүүл мэндэд, өсөлтөд чухал ач холбогдолтой карнитин, креатин, таурин зэрэг нэгдлүүдийг агуулдгийг тодруулсан байна.
Эрдэмтдийн зүгээс эдгээр амин чухал шим тэжээлийг ургамлын гаралтай хоол хүнснээс олж авах амаргүй гэдгийг анхааруулаад амьтны гаралтай хүнс нь жирэмсэн, хөхүүл, хүүхэд, өсвөр үе, ахмад настнуудад нэн шаардлагатай байдгийг онцолжээ. Ялангуяа, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд дэлхий даяар төмөр болон А аминдэмийн бичил тэжээлийн дутагдалд орох нь түгээмэл байдаг гэж тайланд дурдсан байна.  
Мөн ургамлын гаралтай махан хоол нь чухал тэжээллэг бодисоор дутагдаж, ханасан өөх тос, натри, элсэн чихэр ихтэй байдаг гэдгийг анхааруулжээ.
НҮБ-ын ХХААБ-ын дэд захирал Мария Хелена Семедо, ахлах эдийн засагч Максимо Тореро Каллен нар хэлэхдээ, "Хуурай газрын амьтдын гаралтай хоол хүнс нь бусад төрлийн хоолонд бага байдаг уураг, өөх тосны хүчил, хэд хэдэн витамин, эрдэс бодис зэрэг  олон чухал тэжээл, эрчим хүчээр хангадаг. Малын төрөл зүйл, үүлдэр нь янз бүрийн орчинд зохицсон байдаг" гэсэн байна.
Жирэмсний үед малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь төрөлхийн жинг нэмэгдүүлдэг бол сургуулийн насны хүүхэд, өсвөр насныхны хувьд өндөр өсөж, таргалалт буурдаг гэж тайланд дүгнэжээ. Насанд хүрэгчдэд сүү, сүүн бүтээгдэхүүн нь бүх шалтгааны улмаас нас барах, цусны даралт ихсэх, цус харвалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин, бүдүүн гэдэсний хорт хавдар, хөхний хорт хавдар, таргалалт, ясны сийрэгжилт, хугарал зэрэг эрсдлийг бууруулдаг болохыг тогтоосон байна.
Үхрийн махны хэрэглээ нь танин мэдэхүйн үр дүнг сайжруулж, төмрийн дутагдлаас хамгаалдаг бөгөөд өдөрт 72 граммаас бага хоол идэх нь аюулгүй гэж тооцогддог. Гэхдээ боловсруулсан махыг хэт их хэмжээгээр идэхгүй байхыг анхааруулжээ.
Түүнчлэн насанд хүрэгчдийн өндөгний хэрэглээ нь цус харвалт, зүрхний титэм судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэггүй гэсэн "харьцангуй баттай нотолгоо" байгааг онцолсон байна. 
ВЕГАН ДЭГЛЭМТЭЙ ХҮМҮҮС ИЛҮҮ БОЛГООМЖТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Редингийн их сургуулийн Хоол тэжээл, хүнсний шинжлэх ухааны профессор Гүнтер Кунле хэлэхдээ, "Үүнтэй санал нийлэхгүй байх нь хэцүү. Гэхдээ амьтны гаралтай хоол хүнс хэрэглэхээс зайлсхийдэг хүмүүс ерөнхийдөө шаардлагатай бүх шим тэжээлийн хэрэгцээ, ялангуяа төмөр, В12 витаминыг хангахын тулд илүү болгоомжтой байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ хүний биед ургамлын гаралтай хоол хүнс ч чухал хэрэгтэй байдгийг эрдэмтэд онцолжээ. Учир нь тэдгээр нь эслэг, олон витамин, эрдэс бодис, полифенол эсвэл глюкозинолат зэрэг биоидэвхтэй нэгдлүүдийн гол эх үүсвэр юм.
Эцэст нь бидэнд амьтны болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний тэнцвэртэй дэглэм нэн чухал. Веган болон бусад ургамлын гаралтай бүтээгдэхүүнд суурилсан дэглэмтэй хүмүүс амин чухал шим тэжээлээ хэрхэн нөхөхдөө анхаарах хэрэгтэй.
Ялангуяа жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, хүүхдүүдэд энэ нь ноцтойгоор яригдана гэдгийг санаарай" гэсэн байна. 
Үүний зэрэгцээ Оксфордын их сургууль 1990-ээд оноос хойш хорт хавдар болон хоол тэжээлийн талаарх Европын хэтийн судалгаагаар дамжуулан 65,000 эрэгтэй, эмэгтэй хүний эрүүл мэндийн байдалд хяналт тавьжээ. Судалгаагаар эрүүл махан хоолтон болон веган хүмүүсийн дунд гэдэсний хорт хавдраар өвдөх үзүүлэлт нь ижилхэн байсан гэнэ. 
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан