Жирэмсэн үеийн хооллолтын дэглэм


Хоёр хүний өмнөөс идэх үү, эсвэл 2 хүнд зориулан идэх үү?
Зөвхөн өнөө үед ч биш, бидний ээжүүдийг бие давхар байхад эргэн тойрных нь “одоо чи 2 хүний өмнөөс идэх ёстой!” гэж үргэлж хэлж зөвлөдөг байсан. Гэвч энэхүү зөвлөгөөг даган хооллож ундлах нь огт ашиггүйгээс гадна, эрүүл мэндэд аюултай болох нь батлагдсан байна.
Иймээс жирэмсний үеийн хоололт зөв байх ёстой. Ирээдүйн ээжүүд “2 хүний өмнөөс биш”, харин “2 хүнд зориулан” идэх нь зөв. Ө.х. өөрт нь болон ирээдүйд төрөх хүүхдэд нь бүх амин дэм, бичил элементүүд хангалттай хэмжээгээр хүрч байх ёстой. Ингэж хооллосноор таны авч байгаа илчлэгийн хэмжээ бага зэрэг нэмэгдэж болно, энэ нь ойролцоогоор 25%-иар нэмэгдэх ба жирэмсний сүүлийн хугацаанд энэ хувь хэмжээ дахин үл ялиг нэмэгдэж болно. Таны идэж байгаа бүх хоол хүнсийг зөвхөн танаас гадна таны хүүхэд мөн хамт ‘хүртэж’ байгаа гэдгийг ойлгож, мэдэх нь маш чухал юм. Бүх 9 сарын туршид таны хэвлий дахь хүүхэд өсөж, хөгжихөд шаардлагатай бүх эрдэс тэжээлийг зөвхөн танаас л авна. Ийм учраас жирэмсний үеийн хоололтондоо та онцгой анхаараарай.
Жирэмсний хугацаанд төмрийн хэрэглээ мэдэгдэхүйц нэмэгддэг нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, ирээдүйн ээжүүд маань нэмэлт эритроцит буюу цусны улаан эсийг бий болгон үйлдвэрлэхэд, хөгжиж байгаа ураг өсөж том болоход, плациент (үрэвчийн дотоод хана) бий болоход төмөр зайлшгүй хэрэгтэй байдаг. Хоёрт, эмэгтэй хүний бие организм төрөлтийн үед цус алдахад бэлтгэн, мөн лактацид (сүү ялгарах) зориулан төмрийг урьдчилан нөөцөлж авах ёстой.   
Жишээлбэл, жирэмсэн биш эмэгтэйчүүдэд хоногт 1,5 мг төмөр хангалттай байдаг бол бие давхар эмэгтэйчүүдийн хувьд төмрийн хэрэглээ тогтмол өсөж байдаг ба эхний 3 сард хэвийн шаардлагатай хэмжээнээс 1 мг-р илүү, дараагийн 3 сард дахин 2 мг-р нэмэгдэж, улмаар сүүлийн 3 сард 3-5 мг-р тус тус нэмэгддэг байна. Хэдий жирэмсэн байх хугацаанд таны бие организм төмрийг сайн шингээж авдаг хэдий ч таны хэрэглэж байгаа хоол хүнсэнд төмөр хангалттай хэмжээгээр агуулагдаагүй байж болно.
Шаардлагатай амин дэм, эрдэс бодис дутагдсан үед эх хүн өөртөө онцгой анхаарал хандуулах нь зүйтэй. Учир нь байгаль эх маань бүрэлдэн тогтож байгаа ураг өөрт хэрэгтэй бүх эрдэс бодисыг эхийн бие организмаас “булаан авахаар” зохицуулсан байдаг. Ялангуяа эхний 3 сарын хугацаанд хүүхдийн эд эрхтэн систем бүрэлдэн тогтдог тул  энэ нь маш чухал юм. Иймээс жирэмсний үеийн хоол, хүсний хэрэгцээ бүрэн хангагдаж, амин дэм агуулсан тэжээллэг байх ёстой.
Мөн та эмчийн заавраар нэмэлтээр амин дэмээ ууж байх нь маш чухал юмаа.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан