Эслэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэж хүн болгон сонссон байх. Эслэг гэж юу болох, чухам юугаараа эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг юм бол. Эслэг нь ургамалын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг, хүний биед үл боловсрох нүүрс ус бөгөөд үндсэн шимт бодисын бүрэлдэхүүнд ордоггүй. Эслэгийн ихэнх нь хоол боловсруулах замд боловсордоггүй бөгөөд биед шимэгдэхгүйгээр өтгөний хамт гадагшилна. Өөрөөр хэлбэл тэжээллэг болон илчлэг чанарын хувьд ашиггүй юм. Ингээд бодоход эслэг нь илч өгдөггүй, тэжээллэг бус мэт харагдаж байгаа биз. Гэвч хүний биеийг эрүүл байлгахад нэн тустай, хүнийг олон эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой ажээ.
Эслэг юугаараа эрүүл мэндэд тустай вэ?
Эслэг нь өтгөн ялгаралтыг нэмэгдүүлснээр ходоод гэдэсний замаас хортой бүтээгдэхүүнийг богино хугацаанд гадагшлуулж цэвэршүүлэх нөлөөтэй. Мөн гэдэсний ханан дахь цусны судаснаас шингэнийг татан авч өтгөнийг шингэрүүлж хатахаас сэргийлдэг байна. Эслэг нь үндсэн шимт бодисууд, ялангуяа өөх тосны шимэгдэлтийг бууруулах замаар цусан дахь өөх тосны /холестериныг/түвшинг багасгаж улмаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас, цаашилбал зарим хорт хавдраас сэргийлэхэд тустай. Эслэг ихтэй хүнс нь илчлэг багатай байдаг учир биеийн жинг хэвийн хэмжээнд барих, жин хасах, зорилгоор хэрэглэхэд тохиромжтой ажээ.
Эслэгээр дутмаг хоол хүнс эрүүл мэндэд ямар хор холбогдолтой вэ?
Ийм хүнс шамбарам, өтгөн хатах, бүдүүн гэдэсний үрэвсэл, зэрэг хоол боловсруулах, эрхтний эмгэг, үүсэхэд хүргэдэг. Түүгээр зогсохгүй зүрхний титэм судасны эмгэг, бүдүүн гэдэсний хавдар, чихрийн шижин, таргалалт гэх мэт эмгэг үүсгэдэг байна. Амьтны гаралтай гаралтай өөх тос, цэвршүүлсэн нүүрс усаар баялаг хоол хүнс тарган мах, дээд гурил, төмс зэргийг байнга хэрэглэвэл эслэгийн дутагдалд орно
Эслэг нь үр тариа, буурцагт ургамалын хальс, хүнсний ногоо, жимсний цул хэсэгт ихээр агуулагдаг байна. Хүнсэнд агуулагдах эслэгийг усанд уусах ба усанд үл уусах гэж ангилдаг. Гэхдээ аль нь ч эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм.