Манай улсын хувьд жилд 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилдөг. Үүний 6400 орчим буюу 40 хувийг нь тэмбүү өвчин дангаараа эзэлж байна. Үүнийг орон нутгаар нь ангилж харвал Хөвсгөл, Дорнод, Ховд, Увс зэрэг аймгууд тэмбүү өвчний халдварын тоогоор тэргүүлж байгаа аж. Харин Архангай, Баян-Өлгий, Говь-Сүмбэр аймгийн халдварлалтын тоо харьцангуй бага аж.
Ж.ДАВААЛХАМ: Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 46 хувь нь гэр бүлтэй байна
Бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа тэмбүү өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамтай ярилцлаа.
-Тэмбүүгийн өвчлөл нэлээд аюулын хэмжээнд яригдах боллоо. Манай улсад жилд хэчнээн хүн БЗХӨ-өөр өвчилдөг вэ. Түүнээс хичнээн хувь тэмбүү өвчин байна?
-Манай улсын хувьд жилд 16 мянган хүн бэлгийн замын халдварт өвчнөөр (БЗХӨ)-өөр өвчилдөг. Үүний 40 орчим хувийг тэмбүү өвчин дангаараа эзэлж байна. Тэмбүүгийн өвчлөл 2014, 2015 онд нэмэгдэх хандлагатай байсан бол 2016 оноос хойш өдийг хүртэл тогтвортой байна. Гэвч тогтвортой гэх энэ тоо нь Ази болон Номхон далайн орнуудтай харьцуулбал харьцангуй өндөр үзүүлэлттэй байдаг. Тийм учраас манай улсын хувьд тэмбүүгийн өвчлөлийг тогтвортой өндөр түвшинд байна гэж үздэг.
-БЗХӨ-өөр өвчлөгчдийг насны ангиллаар нь авч үзвэл хамгийн их тохиолдож буй насны ангиллын хувьд?
-Насны хувьд 20-29 насныхан хамгийн өндөр буюу БЗХӨ-өөр өвчилсөн нийт иргэдийн 45 орчим хувийг эзэлж байна. Үүний дараа 30-34 насныхан нийт өвчлөлийн 15-18 хувийг эзэлж байх жишээтэй. Ер нь БЗХӨ-өөр бүртгэгдсэн хүмүүсийн 46 хувь нь гэрлэсэн буюу тогтсон бэлгийн амьдралтай хүмүүс байгаа юм.
-Бүсчилж авч үзвэл тэмбүүгийн халдвар хамгийн их бүртгэгдэж буй нь аль аймаг байна вэ?
-2020 оны судалгааг харахад тэмбүү өвчнөөр Хөвсгөл, Дорнод, Ховд, Увс зэрэг аймгууд улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Харин Архангай, Баян-Өлгий, Говь-Сүмбэр зэрэг аймгийн халдварлалтын тоо харьцангуй бага. Гэхдээ өндөр тоотой гарч байгаа аймгуудыг тэр чигт нь тэмбүү ихтэй гэж ойлгож болохгүй.
-Яагаад. Өвчлөл өндөр байгаа шалтгаан нь юундаа байна вэ?
-Дээрх аймгууд тэмбүүгийн тохиолдол бусад аймгуудаас их гарч байгаа нь нэгдүгээрт маш их жуулчид ирдэг, аялал жуулчлалын бүс нутгийн онцлог байна. Ерөнхийдөө манайд секс аялал жуулчлал нэмэгдэх сөрөг хандлага ажиглагдах боллоо. Хоёрдугаарт суурьшлын хүн ам нь явуулын хүн амаасаа их. Мөн илрүүлэг үзлэг маш сайн хийгдэж байгаатай холбоотой юм.
-БЗХӨ-өөр өвчлөх иргэдийн тоо цаашдаа хэрхэх төлөвтэй байна вэ?
-2021 онд 9 мянга гаруй БЗХӨ-ний тохиолдол бүртгэгдсэн. Энэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 дахин буурсан үзүүлэлт юм. Ингэж багассан нь ковидын нөхцөл байдалтай холбоотой гэж харж байгаа. Нэгдүгээрт энэ үед хүмүүсийн шилжилт хөдөлгөөн бага байсан, хоёрдугаарт 2019-2021 онд Улсын хэмжээнд “Тэмбүүг устгая” аяны хүрээнд нэг сая нэг зуун мянган иргэнийг БЗХӨ-ний шинжилгээнд хамруулсан байдаг. Үүнээс 10 мянга гаруй тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлсэн нь халдварын тоог багасгахад үр дүнгээ өгсөн.
“Төрөлхийн тэмбүүтэй 66 хүүхэд бүртгэгдснээс 12 нь нас барж, 30 нь амьгүй төрсөн”
-Тэмбүү өвчин нь эхээс урагт халдварладаг өвчин юм байна. Цаашлаад ургийн амь насанд хүртэл аюултай гэж байна. Энэ тухайд?
-БЗХӨ нэмэгдсэнээр төрөлхийн тэмбүү буюу эхээс урагт халдварлах тэмбүүний өвчлөл өсч байдаг. 2019 онд 66 эхээс урагт халдварласан тохиолдол бүртгэгдсэн бол, 2020 онд 37, 2021 онд 19 болтлоо буурсан. 2019 онд 66 төрөлхийн тэмбүүтэй тохиолдол бүртгэгдсэнээс 12 нь нас барсан, 30 нь амьгүй төрсөн байх жишээтэй. Тэгэхээр төрөлхийн тэмбүүнээс шалтгаалж нярай эндэх, зулбах тохиолдлууд багагүй гардаг.
-Хэрэв эх жирэмсэн үедээ тэмбүү өвчнөөр өвчилсөн гэдгээ мэдсэн тохиолдолд ураг эндэхгүй байх тал дээр ямар арга хэмжээ авах нь зөв бэ?
-Жилд 70 мянга гаруй эх төрдөг гэж үздэг. Жирэмсэн эмэгтэйчүүд жилд хоёр удаа БЗХӨ-ний шинжилгээнд хамрагддаг. Жирэмсний хяналтад байх хугацаандаа тус шинжилгээндээ хамрагдаад явбал урагт гарч болох эрсдэлийг арилгах бүрэн боломжтой.
“Тэмбүү 100 хувь эдгэрдэг өвчин”
-Тэмбүү туссан гэдгээ мэдэх боломжтой юу. Шинж тэмдгийн хувьд яаж илэрдэг вэ?
-Аль ч бэлгийн замын халдварт өвчний хувьд гаднаас нь хараад мэдэх ямар ч боломжгүй. Тэмбүүгийн хувьд бэлэг эрхтэн дээр эмзэглэлгүй хатуу яр, шархлаа гарна. Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа буюу цавины булчирхай цочиж томорно. Энэ яр шархлаа нь эмчилгээ хийлгээгүй ч арилна. Гэхдээ эмчилгээ хийлгэхгүй удвал тэмбүүгийн хоёр, гуравдугаар шатанд орж дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг гэмтээх хүртэл хүндрэх эрсдэл үүснэ. Мөн тэмбүү өвчнийг эмчлэхгүй явбал мэдрэлийн тэмбүү болтлоо хүндрэх аюултай. Цаашлаад хараа муудаж, хараагүй болох ч эрсдэл бий. Тийм учраас хуумгай хандаж болохгүй. Мөн тэмбүү өвчнөөр өвчилснөө мэдчихээд дур мэдэн буруу эмчлэх нь бүр эрсдэлтэй. Тиймд мэргэжлийн эмчид хандан мэргэжлийн эмчийн хяналтад эмчилгээгээ бүрэн хийлгэж байж эдгэнэ.
-Тэмбүүгийн эмчилгээ хэрхэн хийгддэг вэ. Эмчлэгдэх хугацааны хувьд?
-Эмчилгээний хувьд нарийн хугацаа заадаг. Ингэхдээ долоо, долоо хоногийн зайтай гурван удаагийн тариа хийлгэх ба голд нь нэг ч хоног алгасаж хоцорч болохгүй. Мөн тэмбүүгээр өвдсөн хүн нэг өвдөөд эмчлэгдэхдээ дархлаа тогтоно гэж байдаггүй. Дахиад тохиолдлын бэлгийн хавьталд орвол энэ өвчнөөр өвчилсөөр л байна.
-Тэмбүүгийн шинжилгээг хаана, яаж авч байна вэ?
-Улсын болон нэгдсэн бүх эмнэлгүүд бэлгийн замаар халдварлах халдварын кабинет гэж бий. Тэдгээр кабинетуудад хандан шинжилгээнд хамрагдаж болно.
А.МӨНХНАРАН
Tentsver.mn