Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар оны эхний найман сарын байдлаар халдварт өвчнөөр 203 хүн өвчилсний 50,2 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байна.
Тодруулж хэлбэл нийт өвчлөгсдийн 31,5 хувийг заг хүйтэн, 11,8 хувийг тэмбүү, 3,6 хувийг трихомоноз эзэлжээ. Мөн сүрьеэгээр 14,3 хувь, гепатитаар 26,1 хувь, салхин цэцгээр 5,4 хувь нь тус тус өвчилжээ. Бэлгийн замын халдварт өвчний хувьд заг хүйтэн өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад дөрвөн тохиолдлоор өссөн, тэмбүү найм, трихомоноз есөн тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.
Энэ төрлийн халдварт өвчин гарахад ард түмний уламжлалт зан заншил алдагдаж эхэлсэн, архи, согтууруулах ундаа хүмүүсийн өөртөө тавих хяналтыг сулруулсан, хосууд бие биедээ үнэнч байх, амьдралдаа хариуцлагатай ханддаггүй, аюулгүй бэлгийн хавьтлын тухай ойлголт муу зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг ажээ.
Монцамэ агентлаг