Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг 41 газраас үерийн усны чанар, найрлагаас дээж авч шинжилжээ.
Голууд, үерийн халиа болон тогтоол усны сорьцод хийсэн хими болон бичил амь судлалын шинжилгээний дүнгүүдийг танилцуулж байна.
УСНЫ СОРЬЦОД ХИЙСЭН ХИМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН
Дараах орчмоос авсан тогтоол усны сорьцод шим бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдэл болох аммонийн азотын агууламж хамгийн бага буюу стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас хэтрээгүй байна.
- БЗД, 35-р хорооны нутаг Баатар хайрхан,
- нурсан хашаа,
- Их наяд граш,
- БЗД-ын нутаг Баатархайрхан суваг,
- Сэлбэ-Шаргаморьтын гүүр
Бусад голын болон халиа, тогтоол усны бүх цэгүүдэд стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.1-21.4 дахин хэтэрсэн агууламжтай байна.
Мөн бохирдолтыг тодорхойлогч нитритийн азотын агууламж Сэлбэ гол-100 айл, Дунд гол үерийн далан орчимд стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.5-2.0 дахин хэтэрсэн агууламжтай бусад цэгүүдэд стандартын шаардлагыг хангаж байна.
Дараах халиа, тогтоол устай орчимд стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.5-29 дахин хэтэрсэн агууламжтай байна.
- Их наяд граш,
- Таван богд,
- Энхсаран,
- Үерт орсон айл Энхсаран зүүн тал,
- Натур 94-р байр,
- Замын цагдаа зүүн тал,
- Сэлбэ-Дамбадаржаа,
- Хүүхдийн парк,
- БЗД 35-р хороо Баатархайрхан нурсан хашаа,
- БЗД, Баатар хайрхан 1,629 тоот айлын орчим
Бусад цэгүүдэд стандартын шаардлагыг хангаж байна.
Харин нитратын азотын агууламж бусад бохирдолтыг тодорхойлогч азотот нэгдлүүдтэй харьцуулахад харьцангуй бага буюу Сэлбэ-Дамбадаржаа, Их наяд граш орчимд авсан тогтоол уснаас стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.2-3.6 дахин хэтэрсэн агууламжтай бусад цэгүүдэд стандартын шаардлагыг хангаж байна.
Дараах орчимд эрдэс фосфорын агууламжаар стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.2-8.8 дахин хэтэрсэн байна.
- БЗД 35-р хороо Баатархайрхан нурсан хашаа,
- Дунд гол - Үерийн далан,
- БЗД Баатар хайрхан 1629 тоот айлын орчим
Бусад бүх цэгүүдэд физик-химийн үзүүлэлтээр тус стандартын шаардлагыг хангаж байна.
БИЧИЛ АМЬ СУДЛАЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
Бичил амь судлалын үзүүлэлтээр шинжилгээнд хамрагдсан голуудад илэрсэн нянгийн бохирдол:
- 22.2%-д Гэдэсний бүлгийн савханцар/Coliforms organism/,
- 16.6%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/,
- 38.8%-д E coli,
- 16.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/,
- 6.25%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) тус тус илэрчээ.
Тогтоол усны тухайд шинжилгээнд хамрагдсан бараг бүхий л цэгүүдэд нянгийн бохирдол илэрсэн бөгөөд хувиар илэрхийлбэл:
- 66.6%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/,
- 42.8%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/,
- 66.6%-д E coli,
- 47.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/,
- 7.7%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) илэрсэн байна.
ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ
Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс дараах дүгнэлт, зөвлөмжийг гаргажээ.
- Ус цуглуулах талбай багатай “Сэлбэ гол”-ын эх болон дунд хэсэгт, Хотын төв хэсэг буюу “Дунд гол” орчимд бусад сорьц авсан газруудыг бодоход усны цахилгаан дамжуулах чанар (эрдэсжилт), жинлэгдэх бодис (хөрсний зулгаралт буюу ургамлан бүрхэвчийн эрс буурсан хэсэгт), хялбар исэлдэгч бодис, ахуйн гаралтай бохирдлыг илэрхийлэгч органик шим бодисын бохирдолтын үзүүлэлт болох ПИЧ, аммонийн азот (NH4 -N)-ын агууламж бусад хэсгийнхээс их байгаа бол дээрх үзүүлэлтүүд үерийн халиа, тогтоол уснаас сорьц авсан бараг бүхий л цэгүүдэд стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй байгаа нь бохирдол их байгааг харуулж байна.
- Усны сорьцод хийсэн химийн шинжилгээний дүнг “MNS 4586:1998 Усан орчны чанар. Ерөнхий шаардлага” стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд сорьц авсан бүх цэгүүдэд бохирдолтыг тодорхойлогч үзүүлэлтүүдийн нэг болох хялбар исэлдэгч органик бодисуудын агууламж (ПИЧ) , аммонийн азот (NH4-N), нитритийн азот (NО2-N), нитратын азот (NО3-N), эрдэс фосфор (PO4-Р)-ын агууламжаар тус тус стандартын шаардлагыг хангахгүй байна.
- Бичил амь судлалын шинжилгээгээр голуудын усанд харьцангуй бага нянгийн бохирдол илэрсэн бол үерийн халиа, тогтоол усны хувьд нянгийн бохирдол өндөр буюу шинжилгээнд хамрагдсан нийт сорьцын 66.6%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 42.8%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 66.6%-д E coli, 47.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 7.7%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) илэрсэн байна. Иймд бохирдсон хөрс, орчныг ариутгал, халдваргүйжүүлэлт хэрэглэн ариутгаж дахин шинжилгээнд хамруулах эс бөгөөс гэдэсний бүлгийн халдварт өвчин үүсэх эрсдэлтэй байна.
- Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-аас цэвэрлэгдсэн бохир ус Туул голд нийлж байгаа хэсгээс буюу ТЦБ-ын гаралтын усны сорьцод хийсэн химийн шинжилгээний дүнг Хүрээлэн буй орчин. Хаягдал ус MNS 4943:2015 стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд жинлэгдэх бодис, нийт азот, эрдэс фосфор, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламжаар тус стандартын шаардлагыг хангахгүй бохир усыг Туул голд нийлүүлж байгаа бол тухайн сорьц авсан цаг үед ТЦБ цэвэрлэгээний түвшнийг тооцоход 65-68%-тай хаягдал бохир усыг цэвэрлэж байна.
- Цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй ажиллаж байгаа өнөө үед үерийн далангийн усыг Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэлгүй голын татамд нийлүүлэх;
- Нийслэлийн засаг дарга, Байгаль орчны алба, Туул голын Сав газрын захиргаад нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дэх хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайд, Барилга хот, байгуулалтын Сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэм”-ийг мөрдүүлэхэд анхаарч гарсан зөрчил дутагдлыг арилгахад хамтран ажиллах;
- Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, хогийн хаягдал хадгалах байгууламжийг шат дараатай халж олон улсын жишигт нийцсэн ариун цэврийн байгууламжтай болох, хог хаягдлын нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх;
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үер усны гамшгаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ, гамшгийн үеийн бэлэн байдлын тухай сурталчлан таниулах;
- Гол горхины нянгийн бохирдлын үеийн өвчлөлийн талаар Халдварт өвчин судлалаар мэргэшсэн мэргэжлийн хүмүүсээр зохих судалгааг хийлгэн, зөвлөмж гаргаж олон нийтэд мэдээлэх шаардлагатай байна.
Эх сурвалж: Усны газар, Усны хяналт шинжилгээний хэлтэс