Цар тахлын оргил үеийг давсан манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ бууруулж ногоон түвшинд шилжээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Тухайлбал орон нутагт болон нийслэлд халдварын тохиолдлын тоо буурч 2023 оны гуравдугаар сарын 17-ноос хойш коронавирусын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байсан юм. Тэгвэл ойрын өдрүүдэд цахим сүлжээнд коронавирусын шинэ хувилбар олон нийтийн дунд тархсан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад коронавируст халдварын омикроны дэд хувилбар буюу XBB 1.5 шинээр тодорхойлогдож хүн амын дунд эргэлтэд орж өвчлөл үүсгэж байгаа талаар мэдээлэв.
Коронавируст халдварын нийт 205 шинэ тохиолдол бүртгэгдэв
Улсын хэмжээнд 2023 оны 18-р долоо хоног буюу тавдугаар сарын 1-7-ны хооронд коронавируст халдварын нийт 205 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа аж. Тухайлбал батлагдсан тохиолдлын тоо өдөрт дунджаар 29 байсан нь өмнөх долоо хоногоос өссөн байна.
Өвчлөлийн түвшин:
- Улаанбаатар хотод 100.000 хүн амд 5.5
- Өмнөговь аймагт 100,000 хүн амд 119.3
- Дархан-Уул аймагт 100,000 хүн амд 20.3
- Сүхбаатар аймагт 100,000 хүн амд 7.8
- Дорнод 100,000 хүн амд 7.2
- Төв аймагт 100,000 хүн амд 5.4 байна.
ХӨСҮТ-ийн хувилбарын тандалтын 2023 оны хоёрдугаар сарын 7-ноос дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх 29 сорьцод хийсэн шинжилгээгээр SARS CoV-2 вирусийн омикрон хувилбарын дэд хувилбар XBB 86.2 хувьд нь илэрчээ. Үүнээс 51 хувьд нь шинэ хувилбар буюу XBB 1.5 хувилбар илэрсэн байна. Орон нутагт шинэ хувилбар илүүтэй бүртгэгдэж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэв. Тухайлбал Өвөрхангай аймагт өнгөрөгч долоо хоногт ковид-19 халдварын 4 тохиолдол бүртгэгдсэн байна.
Одоогоор Өвөрхангай аймгийн халдвартын тасагт 6 хүн ковид-19 халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэхүү хувилбараар өвчилсөн иргэд эмнэлзүйн хувьд хоолой өвдөх, хуурай ханиалгах, толгой өвдөх, халуурах шинж тэмдэг түгээмэл илэрч байгаа аж. Ийнхүү сүүлийн долоо хоногт эрчимтэй тархаад байгаа омекроны дэд хувилбарын талаар Эрүүл мэндийн яам одоо хүртэл олон нийтийн дунд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргээгүй байна. Иймээс иргэдийн хувьд ханиадыг кронавирустай андуурч дур мэдэн эмчилгээ хийх тохиолдол гарсаар байгаа аж.
ХӨСҮТ-ийн тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа
Манай улсад төдийгүй дэлхий дахинд омикроны дэд хувилбар илэрсэн. Халдварын тархалт намжмал үед өдөрт 10-с доош хүн бүртгэгдэж байсан. Харин сүүлийн долоо хоногт коронавируст халдвараар өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байна. Одоогоор эмнэлгүүдэд ор болон ковидын тасаг нэмж нээгээгүй байгаа. Халдварын тархалт, нөхцөл байдлыг харгалзаж дараа, дараагийн хариу арга хэмжээг авна.
Омикроны дэд хувилбар "XBB 1.5" халдварлах чадвар өндөр
ДЭМБ-аас мэдээлж байгаагаар омикроны дэд хувилбар болох "XBB 1.5" нь одоогийн байдлаар 38 улс оронд тархаад байгаа аж. Тухайлбал Их Британид нийт хувилбарын тандалтын шинжилгээний 5 хувьд нь энэхүү хувилбар бүртгэгджээ. Мөн АНУ-д коронавируст халдварын нийт тохиолдлын 28 хувьд нь тус дэд хувилбар бүртгэгдсэн байна. Омикрон “XBB.1.5” дэд хувилбарын халдварлах чадвар хамгийн өндөрт тооцогдож байгаа ч хүндээр өвчлүүлсэн тохиолдол гараагүй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
http://eagle.mn/r/114560