Дэлхий дахинд ковидын халдвар 70 хувиар өсжээ

Дэлхий дахинд энэ сарын 15-21-ний хооронд ковидын халдвар өмнөх долоо хоногтой харьцуулахад 70 хувиар нэмэгдэж, 5.7 сая тохиолдол шинээр бүртгэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт нас баралт мөн огцом өсжээ. Долоо хоногт нийт 24.9 мянган хүн нас барсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 134 хувиар нэмэгдсэн байна. Өмнөх дөрвөн долоо хоног дараалан нас баралт 20 мянгаас доош үзүүлэлттэй гарчээ.  
Коронавирусний халдвар дэлхийн 70 орчим улсад эрчимтэй нэмэгдэж байна.
Америк дахь шинэ давлагаа
АНУ хоёр долоо хоног дараалан халдварын тоогоор тэргүүлж байна. Тус улсад долоо хоногт 570 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, хоногт батлагдах шинэ тохиолдлын тоо 100 мянгыг давж байна.
Аргентин, Колумб улсад халдварын тархалт бага зэрэг нэмэгдэж эхэлсэн бол Канадад тархалт дөрөвдүгээр сарын дунд үед огцом өсөж, нөхцөл байдал өдгөө эргээд тогтворжсон байна.
Европ дахь өндөр үзүүлэлтүүд
Европ тив Герман улсад халдварын тархалт өнөөг хүртэл өндөр хэвээр байна. Тус улсад хоногт 50 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бол Франц, Италид тус бүр 30 мянга, Испанид 20 мянга орчим тохиолдол өдөр бүр илэрч байна. Португалд нэг хоногт 20 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ч сүүлийн гурван сард гарч буй дээд үзүүлэлт юм.
Ази, Австрали
Азид БНАСАУ-д хүнд нөхцөл үүсээд байна. Анх тавдугаар сарын 2-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байсан бол хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад бүртгэгдсэн халдварын тоо 2.8 саяыг даваад байна. Ковидын улмаас 68 хүн эндээд байна. Япон нөхцөл байдлыг тогтворжуулж чадаагүй л байна. Тус улсад нэг хоногт 40 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна.
Австралид мөн халдварын тархалт нэмэгдэж байна. Тус улсад нэг хоногт 50 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна.
Нас баралт
АНУ-д хоёр долоо хоног дараалан 1.5 мянга гаруй нас баралт бүртгэгдэж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Хоёрт Герман /800 гаруй/, гуравт ОХУ /700 орчим/ орж байна. Канад улсад энэ сарын 19-нд 240 нас баралт бүртгэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш дэлхий дахинд нийт 527 715 878 тохиолдол бүртгэгдэж, 6 300 392 хүн эндээд байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан