Цар тахлын халдварын нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө. Тэрбээр “Сүүлийн 24 цагийн дотор улсын хэмжээнд 468 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хотод 518942 хүнд Ковидын халдвар батлагдсан мэдээ гарсан. Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4: ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаа богино /2.5 хоног/, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэй. Нийслэлд тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настай хүмүүс хатгаагаар өвдөж байна. Харин эрчимт эмчилгээ хийлгэх хэмжээнд хүрч хүндрэх нь харьцангуй бага боловч халдвар томуу, томуу төст өвчинтэй зэрэгцэн гарч байгаа. Иргэд ӨЭМТ-ийг зорихоос илүүтэй шууд эмнэлэгт хэвтэх сонирхолтой байна. Энэ нь ӨЭМТ-өөс эмчилгээний багц өгөхгүй байгаатай холбоотой юм. Түүнчлэн PCR шинжилгээ хамтын төлбөрийн хэлбэрт шилжиж тодорхой хувийг иргэн төлж байгаагаас шинжилгээнд хамрагдахдаа хойрго байна. Шинжилгээ өгсөн иргэдийн 10.6 хувьд халдвар батлагдаж буй. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын суурин 12 цэг, явуулын хоёр цэг нийслэлд ажиллаж байна. Явуулын цэг нь Сүхбаатарын талбай болон Шангри-Ла худалдааны төвд ажиллаж буй юм. Нийслэлийн хэмжээнд 24 цагийн турш ажилладаг 40 эмийн сан байна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn