Дөнгөж сэрснийхээ дараа нэг аяга ууж хэвших нь бие организмд маш их ашиг тустай учраас зөв дадал зуршил мөн гэдэг нь эргэлзээгүй. Шөнийн цагаар хүний бие организм шингэнийхээ тодорхой хэсгийг алддаг тул өглөө сэрснийхээ дараа усны тэнцвэрийг хангаж байх нь зүйтэй. Аяга ус ууснаар цусны зууранги чанар багасаж, эргэлт нь түргэссэнээр зүрх-судасны тогтолцоонд сайнаар нөлөөлнө. Гэтэл ихэнх хүмүүс усыг маш буруу байдлаар ууж хэвшсэн байдаг бөгөөд энэ нь эсрэгээр эрүүл мэндэд маш хортой ажээ. Үүнийг “удаашруулсан ажиллагаатай тэсрэх бөмбөг”-тэй зүйрлэсэн нь ч бий. Тэгэхээр ус уухад хүртэл учир бий ажээ. Бид өдөр бүр ус уудаг боловч яаж зөв уух вэ гэдгийг ихэнх хүмүүс анзаардаггүй.
Ташаа ойлголтуудыг залруулах нь
Ихэнх хүмүүс усыг зөв уух тухайд ямар ч мэдлэггүй байдаг ба үнэмшихийн аргагүй элдэв цуу үг ярианд итгэсэн хэвээрээ. Зүгээр л цэвэр ус уухад хангалттай, ус уухад “мэдлэг чадвар” гэхээр зүйл огт шаардлагагүй гэж боддог хүмүүс олон бөгөөд тэд дорх ташаа ойлголтуудад үнэмшсэн байдаг.
Ташаа ойлголт №1: Аль болохоор их ус уух нь эрүүл мэндэд тустай
Бусдад халамж тавихдаа “аль болохоор ус их уу” гэсэн зөвлөгөөг хүмүүс бие биендээ өгдөг, үүнийг нь ч олон хүн дагадаг. Гэтэл хэт их ус уух нь эрүүл мэндийн асуудлууд үүсгэх ба тэр ч бүү хэл “усны хордлого” гэдэг хэллэг хүртэл бий. Өдөр тутам ууж буй усны хэмжээ бага бол бие организмын бодисын солилцоонд сөрөг нөлөөтэй гэдгийг хүн бүр мэднэ. Харин та их хэмжээний усыг хэтэрхий богино хугацаанд уух аваас таны бөөр ачааллыг дийлэхгүй бөгөөд бие организмаас их хэмжээний давс алдагдана. Ингэснээр эсүүдэд ус хуримтлагдах тул бие сулрах, бөөлжис цутгах, огих тэр ч бүү ухаан алдаж комд орж ч магадгүй.
Компьютер дээр удаан хугацаагаар ажилладаг зарим хүмүүс усны тэнцвэрээ хангах эсвэл турахын тулд хэт их ус уудаг. Үүний улмаас толгой өвдөж, дотор муухайрч байгаа гэдгийг анзаардаггүй.
Хэт их ус уух нь цусыг агшин зуур шингэлснээр зүрхний ачааллыг нэмэгдүүлдэг. Ер нь бол, зүрхний шигдээс, тархины цус харвалт нь голдуу өглөөгүүр болдог аюултай өвчнүүд. Хэрвээ та зүрх судасны эмгэгтэй, дээр нь өглөөгүүр байнга зүрхэндээ хэт ачаалал өгөх аваас зүрхний шигдээс болоход хүргэх магадлалтай.
Түүнээс гадна, өлөн дээрээ их хэмжээний ус ууснаар ходоодны хүчлийг шингэрүүлдэг. Үүний дараа шууд юм идсэн тохиолдолд хоол боловсруулалт муудаж, яваандаа ходоодыг өвчлүүлдэг. Ийм учраас өглөөгүүр их хэмжээний ус ууж огт болохгүй бөгөөд хүний бие организмд 150 мл-ээс ихгүй буюу хагас стакан ус л хангалттай. Насанд хүрэгчдийн хувьд өдөр тутмын ажлын ачаалал болон агаарын хэмийн хэлбэлзлээс хамааран өдөрт 1,5-2 л ус ууж байхыг зөвлөдөг. Ингэхдээ яаралгүй бага багаар балгаж уух нь зүйтэй.
Ташаа ойлголт №2: Зөвхөн буцалсан эсвэл эрдэст усыг сонгож уух хэрэгтэй. Учир нь, бие организмд хэрэгтэй бичил элементүүдийг түүхий уснаас авах боломжгүй.
Үнэн хэрэгтээ бол, хүмүүсийн өдөр тутам хэрэглэж буй усны хэмжээ маш хязгаарлагдмал бөгөөд ундны уснаас авч буй эрдэс бодисууд ба бичил элементүүд нь бие организмын ердийн хэрэгцээг хангахад хүрэлцэх тухайд бодохын ч хэрэггүй. Өөрөөр хэлбэл, ус уух замаар бие организмд хэрэгтэй бичил элементүүдийг нөхөж авна гэсэн ойлголт үгүй. Усны гол үүрэг жэжээлийн бодисуудыг биеийн янз бүрийн хэсгүүдэд хүргэх, дараа нь бодисын солилцооны дүнд үүссэн хог шаарыг гадагшлуулах явдал билээ. Ийм учраас эрдэст ус, буцалсан ус, түүхий усны аль алиных нь хүний биед үзүүлэх нөлөөлөл нь үндсэндээ ижил гэсэн үг.
Ташаа ойлголт №3: Өглөөгүүр бага зэргийн давстай эсвэл зөгийн балтай ус уух нь эрүүл мэндэд тустай.
Бодит байдал дээр ийм ойлголт нь 50% үнэний ортой. Өглөөгүүр буцалсан уух нь эрүүл мэндэд тустай гэдэгтэй маргах аргагүй, гэхдээ хэрвээ та бага зэргийн давстай эсвэл зөгийн балтай ус уух аваас энэ нь тус гэхээсээ илүүтэй хор хүргэнэ. Учир нь, шөнийн туршид ус хэрэглээгүй хүн нойрноос сэрснийхээ дараа шууд давстай ус уувал “шөнийн усгүйжилт”-ийг улам даамжруулах болно. Үүнээс гадна, давстай ус нь бие организм дахь натрийн ионуудын агууламжийг ихэсгэх ба өдөр тутмын давсны хэрэглээ нэмэгдсэнээр бөөрөнд ирэх ачаалал дагаад өснө. Өглөөгүүр артерийн даралт ихсэж, цус зууранги өтгөн байгаа үед бие организмд давс нэвтэрснээр даралтыг улам өсгөдөг.
Нөгөөтэйгүүр, өлөн дээрээ нэг стакан зөгийн балтай ус уусан тохиолдолд ходоодны хүчлийн шүүрэл ихэссэнээр ходоод эвгүйцэж, түүний салст бүрхэвч гэмтэж болзошгүй. Харин гэдэс түгжрэх, өтгөн хатах зовиуртай хүмүүсийн хувьд зөгийн балтай ус уух нь үр дүнтэй гэдэг нь батлагдсан. Гэхдээ зөгийн балыг хүйтэн эсвэл бүлээн усанд хийх нь зүйтэй бөгөөд халуун усанд хийж огт болохгүй. Хэрвээ та ходоодоо чийглэе гэвэл өглөөгүүр ганц стакан бүлээн цэвэр ус уухад л хангалттай.
Ташаа ойлголт 4. Өглөөгүүр ус уухын өмнө шүдээ угаах хэрэгтэй, тэгэхгүй бол амны хөндий дэх бактериуд устай хамт биемахбодид нэвтэрнэ.
Яг үнэндээ энэ бол хэтрүүлэгтэй дүгнэлт мөн. Бактериуд цуглардаг газрууд бол шүдний чулуу, шүдний өнгөр билээ. Тэдгээрийг арилгахын тулд цэвэрлэх, үрэх зэргээр тодорхой хэмжээний хүч гаргах хэрэгтэй. Тэгвэл шүдний өнгөрийг арилгах хэмжээний үрэлтийг ус бий болгодоггүй учраас устай хамт бие организмд олон тооны бактери нэвтэрнэ гэж санаа зовох хэрэггүй. Тэгээд ч ходоодны хүчил нь өвчин үүсгэгч бактериудыг устгах чадвартай билээ. Ийм учраас эрүүл хүмүүсийн хувьд “усаа эхлээд уух уу эсвэл шүдээ эхлээд угаах уу” хэмээн бодлогоширох хэрэггүй байх нь. Гэхдээ хэрвээ шүдний суурь эдийн үрэвсэл /пародонтит/, буйлны захын эдийн үрэвсэл /гингивит/ болон амны хөндийн бусад өвчлөлд өртсөн бол ус уухаасаа өмнө шүдээ цэвэрлэх нь зүйтэй. Эдгээр ташаа ойлголтыг залруулсны дараа дорх сэрэмжлүүлэг зөвлөгөөг өгч байна.
Өглөөгүүр яарч сандарсан зарим хүмүүс ус хөрөхийг хүлээж тэвчилгүгээр дөнгөж сая буцалсан ус уудаг, зарим нь бие организмаа сэргээхийн тулд хүйтэн ус залгилдаг. Үүний аль аль нь буруу бөгөөд ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Хэт хүйтэн ус нь ходоод-гэдэсний замын үйл ажиллагааг идэвхжүүлснээр ходоодны салст бүрхэвчийн цусны судсуудыг агшин зуур агшаадаг тул ая таагүй мэдрэмжийг төрүүлэх төдийгүй гүйлгэхэд хүргэнэ. Ийм учраас ходоодны асуудалтай хүмүүс өлөн дээрээ хүйтэн ус ууж огт болохгүй. Энэ нь зүрх судасны өвчтэй хүмүүст ч мөн хамаатай.
Хэт халуун ус уух нь улаан хоолойг гэмтээж, улмаар хорт хавдар тусахад хүргэж болзошгүй. Учир нь, улаан хоолойны салст бүрхэвч маш зөөлөн байдаг тул 65-аас дээш хэмтэй халуун шингэн зүйлийг хэрэглэх нь салст бүрхэвчийг түлэх аюултай. Хэт халуун усыг байнга ууснаар эсүүдийн хэвийн бүтэц алдагдаж, улмаар хорт хавдрыг үүсгэгч бүтцүүд бий болно. Ийм учраас 65 хэмээс дээш халуун ус ундааг 2А гэсэн бүлэгт хамааруулж, хавдар үүсгэх нөлөөтэй бодис /канцероген/ гэж үздэг. Үүнийг тоомсорлохгүй байж хэрхэвч болохгүй ээ.
Ер нь бол, дулааны улиралд таны ууж буй усны хэм нь хүрээлэн буй орчны агаарын хэмтэй ойролцоо байх ёстой. Харин хүйтний улиралд ходоодны салст бүрхэвчийг цочроохгүйн тулд усыг арай илүү халуунаар нь уух хэрэгтэй, гэхдээ 50 хэмээс илүү халуун байх ёсгүй.
Нөгөөтэйгүүр, өглөөгүүр уудаг аяга усыг шүүс, кофе, сүү, рашаан зэрэг ундаагаар орлуулж хэрхэвч болохгүй. Эдгээр нь шингэний тэнцвэрийг сэргээхгүй төдийгүй хоол боловсруулах, шингээх үйл явцыг өдөөснөөр ходоод-гэдэсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн зарим ундаанууд шээс хөөх үйлчилгээтэй байдаг тул шингэний дутагдалд улам оруулна гэдгийг санах нь зүйтэй. Эцэст нь эдгээр бүх зөвлөмжийг нэгтгэвээс, шөнийн цагаар ус ууж болохгүй, дасгал хөдөлгөөн хийсний дараа шууд ус ууж болохгүй, унтахын өмнө ус ууж болохгүй. Усыг бага багаар балгаж, удаан тайван уух ба усны хэм хэт халуун биш, хэт хүйтэн биш байх ёстой гэдгийг санана уу.
Б.АдъяахүүЭх сурвалж: Inosmi.ru