Биед шаардлагатай хэмжээний шингэнийг өдөр бүр хангалттай хэмжээгээр авч занших нь эрүүл мэндэд нэн тустай гэдгийг бишгүй сонссон биз ээ. Нас биед хүрсэн эр хүн өдөрт ойролцоогоор 3 литр, харин эмэгтэй хүн 2.2 литр ус уух шаардлагатай гэдэг. Мөн ихэнх мэргэжилтнүүд өдөрт дор хаяж 8 аяга ус буюу 2 литр ус заавал ууж байхыг зөвлөдөг.
Мэдээж хангалттай хэмжээнд нь ус уух чухал хэдий ч хэзээ, ямар үед уух нь түүнээс ч чухал. Тэгвэл та бүхэнд ус уухад хамгийн тохиромжтой бөгөөд тохиромжгүй үеүүдийг хүргэж байна.
1. ӨГЛӨӨ СЭРЭХ
Өглөө сэрсэн даруйдаа ус уух нь таны биеийн гадна ч, дотор ч маш олон төрлийн ашиг тус хүргэдэг аж. Өглөөд ус уух нь биеийг сэргэг болгохоос гадна биед хуримтлагдсан токсинуудыг гадагшлуулж, арьсны чийгшилд эерэгээр нөлөөлдөг байна. Өглөө ус уусны дараа 30-40 минут өглөөний цайгаа уухаа азнавал бүр ч илүү үр дүнтэй.
2. ХООЛНЫ ӨМНӨ ЭСВЭЛ ДАРАА?
Хоол идэхээс хагас цагийн өмнө нэг аяга ус уух нь хамгийн тохиромжтой. Ингэснээр хоол идэхээс өмнө хоол боловсрох үйл явцыг тань бэлтгэж, хурдлуулахаас гадна хэтрүүлэн идэхээс урьдчилан сэргийлдэг. Харин хоолны дараа шууд их хэмжээний ус залгилах нь хооллохдоо хийдэг алдаануудын хамгийн нэгдүгээрт жагсдаг.
Таны ходоод хоол хүнсээр дүүрэн бус байх үед ус биед хамгийн сайн шингэдэг учир хоол идсэний дараах их хэмжээний ус хоол тэжээлийг задалдаг бодисыг саармагжуулж, хоол шингэх үйл явцыг удаашруулж орхидог байна. Гэвч энэ нь хоолны дараа эсвэл дундуур огт ус уухгүй бай гэсэн үг огт биш бөгөөд хоолныхоо дундуур бага багаар ус уух нь харин ч хэтрүүлэн идэхээс сэргийлэхээс гадна хоол идэх үйл явцыг ч улам таашалтай болгодог.
3. ДАСГАЛЫН АЛЬ ҮЕД?
Дасгал хийхийнхээ өмнө дор хаяж нэг аяга ус уух нь дасгалын дундуур усны дутагдалд орохоос хамгаалах бөгөөд дасгалын дараа ч дасгал хийх үедээ хөлсөөрөө дамжин алдсан шингэнээ нөхөхийн тулд ус уух нь чухал байдаг. Харин дасгалын дундуур хэт их ус уух нь буруу шүү. Зөвхөн бага багаар хоолой болон амаа чийглэх зорилгоор балга, балга ус ууж байгаарай.
4. УСАНД ОРОХ БА УНТАХЫН ӨМНӨ
Усанд орохынхоо өмнө аяга бүлээн ус уух нь таны цусны даралтыг хэвийн хэмжээнд хүргэхэд тусална. Харин унтахын өмнө ус уух нь зүрхний шигдээсээс хамгаалдаг. Хүний бие шөнийн турш шингэнээ алдаж, цус өтгөрснөөс зүрхний шигдээс үүсэх магадлал ихэсдэг тул унтахаасаа өмнө ус уух нь энэхүү эрсдэлийг багасгадаг байна.
5. ӨЛСӨХ
Өглөөний цайнаас өдрийн хоол, өдрийн хоолноос оройн хоол хүртэл зэрэг хоолноос хоолны хооронд өлсөх мэдрэмж тань хэт их ихсээд байвал ус уугаад үзээрэй. Хүн ихэнх тохиолдолд өөрсдийн цангах мэдрэмжээ өлсөх мэдрэмжтэй андуурдаг тул ус уугаад 15-20 минут хүлээгээрэй. Үүний дараа ч өлссөн хэвээр байвал эрүүл хүнс сонгон хэрэглээрэй.
6. ӨВЧТЭЙ ҮЕД
Ямар нэг өвчин тархсан газруудад, эмнэлэгт, эсвэл хүн ихтэй газруудад байхдаа энгийн үед уудгаасаа их хэмжээний ус уухыг санал болгож байна. Биед тань хангалттай шингэн агуулагдсанаар бактери, вирус үржих нөхцөлийг багасгадаг тул өвдөх эрсдэлийг хамаагүй багасгана. Мөн онгоцоор нисэж буй үедээ хангалттай ус уух нь толгой, гэдэс өвдөх магадлалыг ч багасгадаг юм.
7. ЗОГСОЖ БАЙХДАА
Зогсож байх үедээ ус уувал хүний цангаа тайлагдсан мэдрэмж гүйцэд тайлагддаггүйгээс гадна эрүүл мэндийн хувьд хэд хэдэн сул талтай. Жишээ нь зогсоогоороо ус уухад ус хоолойгоор хэт хурдан дамжиж ходоодны хананд цацарч орхидог бөгөөд энэ нь удаандаа ходоодны ханыг гэмтээх магадлалтай. Мөн зогсож байх үедээ ус уух үед бөөр усыг хангалттай шүүж чаддаггүйгээс гадна тархинд аюулд орсон мэт мэдрэмж өгч, мэдрэлийн системийг ихээр ачаалуулж орхидог гэнэ.
Өвлийн хуурай цаг ирж, олон төрлийн ханиад томуу гарч буй энэ үед та өөрийн эрүүл мэнддээ жаахан ч гэсэн анхаараад биедээ тохиромжтой усыг зөв аргаар авч заншаарай!