Дэлхий нийтээр цар тахалтай нүүр тулсан, тэмцсэн. Басхүү амжилттай даван туулж туршлагажиж буй хоёр жилийг үдлээ. Цар тахлын эсрэг өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өдөр шөнийг ялгалгүй зүтгэсэн нийт төрийн албан хаагчдын 62 хувь буюу 101 мянга нь эмэгтэйчүүд байжээ. Тэр дундаас ковидтой тэмцэх галын шугамын тэргүүн эгнээнд эрүүл мэндийн салбарынхан манлайлан ажилласны дотор тус салбарынхны 82 хувь нь, их эмч нарын 77 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Тэгвэл олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан салбартаа манлайлсан бүсгүйчүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль гардуулсны дотор эрүүл мэндийн салбараас хоёр гавьяат төрсөн бол цэргийн болон хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор эмч, сувилагч нар энгэрээ мялаалаа.
Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүсийн нэгээр шалгарч Хүний гавьяат эмч цолоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн нярай хүүхдийн ахмад эмч Дармаагийн Ганнасан. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Гомбосүрэнгийн Ганчимэг нарыг шагнасан юм. Мөн Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Цэргийн төв эмнэлгийн зөвлөх эмч, бэлтгэл дэд хурандаа Гэрдээгийн Тунгаамаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Цэргийн төв эмнэлгийн гэмтэл согог сувилахуйн сувилагч Нордовын Гавьяат нарыг шагнав.
Хөдөлмөр зүтгэлээ төрд үнэлүүлсэн шинэхэн гавьяат Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн нярай хүүхдийн ахмад эмч Д.Ганнасан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт 42 жил ажиллаж байна. Хөдөлмөрийг маань төр засаг үнэлсэнд сэтгэл өндөр байна. Эх, хүүхдийн ариун үйлсэд зүтгэж байгаа хамт олондоо, эмч, сувилагч, асрагч, нийт ажилчдадаа баярын мэнд хүргэе. Эмч, тэр дундаа эх, хүүхдийн эмч гэдэг юутай ч зүйрлэмгүй ариун сайхан ажил байдаг. Мэргэжилдээ дурлаж, хамт олноороо бахархаж байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бас нэгэн баярт мэдээ тохиосон нь амаржих газруудад хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн 496 ор хуучирч муудаад байсныг 100 хувь шинэчилсэн. Мөн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөл, 1987 онд ашиглалтад орсноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй тус төвийн бүх барилгын их засварын зэрэг нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн дүнд Монголд эмчилдэггүй байсан дөрвөн төрлийн мэс засал, эмчилгээг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийдэг боллоо. Энэ ондоо багтаж Эх нялхсын эмнэлэг төрөх өрөөнүүдээ хөгжингүй орнуудын жишигт хүргэж бүрэн засаж тохижуулахаар төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эх, нярайн эрүүл мэндийн салбарт нийт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсныг тэмдэглээд улсын хэмжээнд иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрөх эмнэлгүүдийн өнгө төрхийг бүрэн шинэчилж, бүрэн цахимжуулах, эх, нярай, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг дэлхийн жишигт хүргэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэв. Ирэх тавдугаар сарын 01-нээс Монгол Улсын иргэн бүрийг эрт илрүүлгийн иж бүрэн оношилгоонд хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахаар болоод буй юм.
Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлыг хүндрэл багатай даван туулахад эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр чухал үүрэгтэй байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
С.УянгаЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин