Төрийн албан хаагчдаас анх удаа эрүүл мэндийн ажилтнуудын дунд ажлын байрны үнэлгээг хийж, үнэлгээний үр дүнд үндэслэн цалин нэмэгдүүлсэнд салбарын ажилтнууд талархаж байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын байрыг ур чадвар, хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл гэсэн үндсэн 4 хүчин зүйлсийн дагуу үнэлсэн бөгөөд үр дүнд нь Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, цалингийн сүлжээг шинэчиллээ. Энэхүү шинэчлэл яг одооноос буюу 2019 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжихэд бэлэн болоод байна.
Шинэчилсэн албан тушаалын зэрэглэл болон цалингийн сүлжээний дагуу мэргэшсэн эмч нар 2-3 зэрэглэл ахиж, эрчимт эмчилгээ, мэс засал, яаралтай тусламж, эх барих, эмэгтэйчүүд зэрэг 8 мэргэшлийн эмч ТҮЭМ-7 ангилалд хамааран, цалинжихаар болжээ.
Шинэчлэлийн үр дүнд салбарын бүх ажилтны цалин 21.3-47.1 хувиар буюу 122-270 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Түүнчлэн өмнө нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалд хамаардаг байсан түргэн тусламжийн жолооч нар салбарынхаа албан тушаалын зэрэглэлд буюу ТҮЭМ-д хамаарах болсон байна.
Ажлын байрны үнэлгээний үр дүнд үндэслэн, сувилагч нарын цалинг 2018 онд нэмэгдүүлсэн нь төрийн албан хаагчдын дунд ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүнтэй уялдсан цалин, хөлсний тогтолцоо бүрдэх эхлэлийг тавьж байсан бол ийнхүү энэхүү шинэчлэл эрүүл мэндийн салбар даяар хэрэгжих боллоо.
2014 оноос хойш дорвитой нэмэгдээгүй цалин нэмэгдээд зогсохгүй ажлын ачаалал, ур чадвар, мэргэшилтэй уялдсан цалингийн тогтолцоо бүрдэж байгаад салбарын ажилтнууд баяртай байна.