Агаарын бохирдол тархи, мэдрэлийн эмгэг үүсгэж буйг тогтоолоо

Агаарын бохирдол тархи, мэдрэлийн эмгэг үүсгэж буйг тогтоолоо

 

Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд нийтэлсэн нь нэлээд шуугиан дэгдээгээд байна. 56 сая хүнийг хамруулсан, асар том хүрээтэй энэ¬хүү судалгаагаар агаарын бохирдол нь тархи, мэдрэлийн өвчин, эмгэг үүсгэж буйг тогтоожээ. Бүр тархины саажилт, Паркинсоны өвчинтэй шууд холбогдож байгааг тогтоосны дараа хүмүүс эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг илүүд үзэж буйгаа илэрхийлэх болжээ.

“PM2.5 ЗӨВХӨН УУШГИ, ЗҮРХЭНД НӨЛӨӨЛДӨГГҮЙ”

Жонс Хопкинсийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн нейрогенераци ба эсийн ин¬женерч¬лэлийн салбарын тэргүүлэгч эрдэмтэн Тед Доусон, Шяоди Жан, Хайчин Люү, Колумбын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Биостатистикийн тэнхимийн доктор, профессор Шяо Вү нар АНУ-ын судлаачидтай хамтран ажиллаж, агаарын бохирдол тархины өвчин үүсгэж байгааг нотолжээ.

Тэд “Science”-д нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэлдээ “Агаар дахь хамгийн жижиг ширхгүүд болох PM2.5 нарийн ширхэгт тоосонцор нь зөвхөн уушги, зүрхэнд нөлөөлдөггүй. Энэ нь тархины үйл ажиллагааг аажмаар алдагдуулснаар дементийн буюу мэдрэлийн эмгэгүүд үүсгэж байгааг тогтоосон. Тухайлбал, ой санамж муудах, сэтгэл санаа тогтворгүй болох, хэл яриа, ойлголт буурах, хөдөлгөөнд саатал учруулж, өдөр тутмын үйлдэл хийхэд хүндрэл үүсгэх зэрэг тархины үйл ажиллагааг доройтуулж байна. Эдгээр нь ихэвчлэн нас ахихад илэрдэг шинж тэмдэг бөгөөд дементи нь бие даасан бус, олон өвчний синдром юм. Тохиолдлоороо Альцгеймерийн өвчний дараа ордог. Бид АНУ-ын “Medicare” системийн тусламжтайгаар 56 сая гаруй ахмад настны эрүүл мэндийн мэдээллийг судалж, агаарын бохирдол ихтэй, PM2.5-д тогтмол өртсөн хүмүүс дементийн шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн тохиолдол нь бусдаасаа өндөр болохыг олж мэдсэн. Үүнээс агаарын бохирдол тархины үйл ажиллагааг доройтуулж, синдром үүсгэж буй нь харагдана” гэжээ.

ХАРХАНД ХИЙСЭН ТУРШИЛТ Ч БАТЛАВ

Эрдэмтдийн баг харханд хийсэн туршилтаараа ч агаарын бохирдол нь тархи, мэдрэлийн эмгэг аажимдаа үүсгэж, Паркинсоны өвчинд хүргэж буйг баталсан байна. Судлаачид PM2.5-ыг харханд амьсгалуулахад тархины хэмжээ нь жижгэрч, сэтгэн бодох чадвар болон хөдөлгөөн нь шууд муудсан байна. Улмаар тархи, бусад эрхтэнд уураг хуримтлагдаж, эсүүд гэмтсэн. Энэ нь нарийн ширхэгт тоосонцор тархинд шууд хорт нөлөө үзүүлдгийг нотолсон туршилт болжээ. Улмаар PM2.5 нь тархинд байдаг нэг төрлийн уургийг өвчин үүсгэгч хэлбэрт оруулдаг. Ингэснээр сэтгэл санаа болон ой санамжид сөргөөр нөлөөлж, өөрчлөгдсөнөөр олон төрөлт синдром үүсгэдэг байна.

Дементи, Паркинсоны өвчин нь 60-аас дээш насныханд ихэвчлэн оношлогддог. Тэгвэл агаарын бохирдол өндөртэй улс орнуудын иргэдийн дунд эдгээр өвчин нь мартамхай, хөдөлгөөний саатал, сэтгэл гутрах, хэл ярианы доголдол зэрэг шинж тэмдгээр илэрч, түгээмэл ажиглагдах болсныг хүмүүс тэр бүр анзаардаггүй гэнэ. Тиймээс агаарын чанарыг сайжруулах нь зөвхөн утааг бууруулах бус, ирээдүйд тархи, мэдрэлийн олон өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал алхам гэдгийг дээрх судалгааг хийсэн эрдэмтэн, судлаачид зөвлөжээ.

 

https://www.unuudur.mn/a/277596

 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан