Үе мөчний өвчлөл их нуугдмал шинж чанартай өвчин. Тухайн хүн 15-20 магадгүй түүнээс илүү олон жил өвдөж байж сая өвдөгний үеэр өвдөлт мэдрэгдэж архагшсан үедээ илэрдэг байна. Өнөөдөр ихэнх хүмүүс 50 нас хүрээд зөвхөн өвдөгний үе гэлтгүй тохой, ууц нуруу, мөр, нурууны үе гарын бугалга тэр бүү хэл хөл, гарын жижиг үеүүд хүртэл шархирч үе мөч нь өвдөж эхэлдэг. Энэ нь тухайн хүн хүүхэд байхаасаа өвдөж эхэлсэн гэсэн үг. Учир нь хүүхэд байхдаа үе мөчий өвчин хоолойн ангина, гуйлсан булчирхайн үрэвсэл, амны хөндийн өвчлөл, хамар хоолойн үрэвсэл, шүд цоорох, хорхойтох зэрэг өвчний үед амьсгалын замаар дамжиж бактери, халдвар хүний биед ордог. Халдвар хүний бие орж цусаар дамжин үе мөчний хооронд байдаг шингэн буюу шар усанд байгаа элементүүдийг гэмтээж бүр цаашилбал устгаж эхэлдэг. Үе хоорондын шингэнийг бүрдүүлэгч эс, мөгөөрсийг гэмтээж, устаснаас үүдэж үе хооронд өвчин үүснэ. Энэ нь үе мөчний архаг өвчинд хүргэж байгаа юм.
Манай монголчууд хоолойн ангина үе мөчинд нөлөөлж байна гэж ярьдаг. Үүнийг мэддэг хэрнээ яагаад нөлөөлөх болсон шалтгааныг тэр бүр мэддэггүй. Мөн энэ өвчний хамгийн гол нөлөөлөх шалтгаан нь шүдний үрэвсэл буюу хорхойтох, цоорох явдал. Шүдийг бүрэн эмчлээгүй хор уршиг нь 20, 30 жилийн дараа гарч байна. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүд өвдчихсөн, хорхойтох юм уу цоорхой байхад авахуулах, ломбо тавиулаад өнгөрдөг. Энэ нь өнгөн хэсгийг эмчлээд цаана буйланд байгаа үрэвсэлд нөлөөлж чаддаггүй байна. Тиймээс л үе мөчний өвчин хожуу илэрч байгаа аж.
Өвдөгний үений дотор талд хуруу дарам цэгт хатгаж өвдөх, өвдөгний хэлбэр дүрсэнд өөрчлөлт орж хавдсан юм шиг санагдах, шилбэ даган хавагнах, шилбэ хонго орчимд юм орсон юм шиг болно. Шөрмөс татах, халуун оргих буюу хүйтэн оргих, янгинах, өвчин намдаах эмэнд түр дарагдаж дахин давтан өвдөх, явах, босох, суух, жийх, атийлгахад хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж эхэлсэн байдаг. Иймээс эмчид хандаж үзүүлэх нь хамгийн зөв.