Тэрбээр, "Ирэх оны төсвийн төслийг есдүгээр сарын 1-нд өргөн барина. Үүнтэй холбоотойгоор 2-3 удаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
2022 онд батлагдсан шинэ эрх зүйн зохицуулалтын хүрээнд хоёр дахь удаагийн орон нутгийн бонд гарч байна. Өмнө нь Улаанбаатар хотын бонд гарч байсан бол энэ удаад хөдөө орон нутгийн хувьд анхны бонд гарч байгаа нь маш чухал ач холбогдолтой.
Орон нутгийн хувьд энэ нь чухал төсөл санхүүжүүлэхээс гадна өөрөө бие дааж бонд гаргаж байгаа анхны тохиолдол. Засгийн газар онцгой ач холбогдол өгч, Сангийн яам бүтэн жилийн турш орон нутгийнхантай хамтран ажлын хэсэг байгуулж, судалгаа, урьдчилсан бэлтгэл ажлыг хангаж ирсэн. Ингээд шат шатанд нь хамтран ажиллаж, нэлээд чамбай урьдчилсан бэлтгэл хангасны үндсэн дээр өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар орууллаа.
Бид хоёр том шаардлага тавьж байгаа.
Нэгдүгээрт, санхүүжүүлэх төсөл нь өөрөө үр өгөөжтэй, орон нутгийн төсөвт сөрөг дарамт үүсгэхгүйгээр өөрийгөө санхүүжүүлдэг байх. Нэгэнт өндөр өртөгтэй, үнэтэй мөнгө босгож байгаа учраас төсөл нь үүнээс давсан үр өгөөжтэй байх ёстой.
Хоёрдугаарт, тухайн орон нутаг төсвийн чадамжийн хувьд өрийн эрсдэл үүсгэхгүйгээр төлж чадах, бүрэн санхүүгийн чадамжтай байх шаардлагатай.
Өмнөговь аймгийн хувьд 50 мВт-ын цахилгаан станц нь ашиглалтад орсон эхний гурван жилийн дараа санхүүжилтээ бүрэн нөхөөд, орон нутагт орлого төвлөрүүлэх боломжтой. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд эрчим хүчний үнэ тарифын чөлөөлөлт, салбарын либералчлалын бодлого хэрэгжсэн нь энэ бондыг гаргах боломжийг бүрдүүлсэн.
Мөн Өмнөговь аймаг нь улсын төсөвт үнэмлэхүй хэмжээний орлого төвлөрүүлдэг аймаг. Энэ жил гэхэд 1.7 их наяд төгрөг төвлөрүүлж байна. Ирэх 5 жилд дор хаяж 8 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж тооцоолж байгаа.
Бондын хэмжээ 500 тэрбум төгрөг, 3–5 жилийн хугацаатай. Аймгийн төсвийн боломж нь 8 их наяд төгрөгийн орлого олох чадамжтай тул хоёр шалгуурыг бүрэн хангасан гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймгийн цахилгаан станцын бондыг Засгийн газар бүрэн дэмжлээ. Цаашдаа шат дараатайгаар УИХ-д өргөн барьж, эцсийн шийдвэр УИХ-аас гарна.
Есдүгээр сарын 1-нд төсөв өргөн барихдаа эрчим хүчний салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах томоохон хөрөнгө оруулалтыг төсвийн бодлогын хүрээнд шийдэж байна гэж ойлгож болно.
Улсын гуравдугаар эмнэлгийн дэргэд зүрх судасны бие даасан төв байгуулахаар шийдвэрлэлээ. Нийт өртөг нь 56.3 сая ам.доллар. Үүнээс 32.9 сая ам.доллар нь Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкны зээл, 22.4 сая ам.доллар нь Люксембургийн Вант улсын буцалтгүй тусламж юм.
Сүүлийн 34 жилд анагаах ухаан болон олон салбарт зээл, тусламжаар санхүүжилт хийж байсан. Энэ удаа нийт санхүүжилтийн бараг гуравны нэг нь буцалтгүй тусламж байгаагаараа онцлогтой. Люксембургийн Вант улс нь манай ЭМЯ болон 3 дугаар эмнэлэгтэй сүүлийн арваад жил зүрх судасны чиглэлээр гурван үе шаттай төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Үүний үр дүнд буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлж, Европын Сэргээн босголт, Хөгжлийн банктай хамтран энэ хөрөнгө оруулалтыг хийхээр болсон.
Төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжиж, барилгын ажил, тоног төхөөрөмж, эмч, ажилтнуудыг сургах зэрэг цогц ажлууд багтана. Засгийн газар дэмжсэн тул есдүгээр сарын 1-нд өргөн барих төсөвт эрүүл мэндийн салбарын багцад орж, УИХ-аар хэлэлцэгдэнэ. Ирэх жилээс төсөл эхэлнэ" хэмээн ярилаа.