Хоолой нь өвдөж үзээгүй хүн гэж байдаггүй шүү дээ. Энэ өвчний албан ёсны нэр томъёо нь хоолойн бах буюу ангина юм. Хүмүүс энэ өвчний хор уршгийг сайн мэддэггүй болоод тэр үү, тэр бүр тууштай эмчилдэггүй. Тэгтэл энэ өвчин хүндрэхээрээ зүрх, бөөр, үе мөчинд орж хүндээр өвчлүүлдэг.
Хоолойн өвчнийг удаалгүй аль болох түргэн эмчлэх хэрэгтэй. Хоолой сэрвэгнэж, юм залгихад хөндүүрлэж бага зэрэг улайсан байх нь хоолой өвдөх анхны шинж тэмдэг юм. Эдгээр шинжүүд илрэх л юм бол тэр даруй арга хэмжээ авч эхлэх шаардлагатай. Хөөрүүлсэн халуун сүү хоолойг цочроодог учраас ийм үедээ ууж хэрэггүй. Хоолой хөндүүрлээд байвал өдрийн турш 2-3 ширхэг каланхоэны (тасалгааны ургамал) навч удаан зажилж ид. Энэ ургамал бараг айл бүрд бий.
Хоолойгоо давстай усаар зайл
1 стакан халуун бүлээн усанд 1 хоолны халбагаар овоолон давс хийж уусгаад хоолойгоо зайлна. 3-4 удаа зайлсны дараа хоолойн өвчин бага дээрээ хүндрэлгүй дарагддаг. Марганцыг усанд өтгөн биш найруулаад өдөрт 2-3 удаа хоолойгоо зайлж болно.
Хоолойн өвчнийг анагаах шилмэл арга
1 литр үхрийн сүүнд 25-30 гр гацуурын мөчир хийж 15 минут чанана. Хэсэг хугацааны дараа сүүгээ шүүж бүлээсгэн өдрийн турш ууна. Мөчрийн оронд болж гүйцээгүй нялх ногоон боргоцойг хэрэглэж болно. Гэхдээ боргоцойг хагас цаг чанана. Энэ сайхан амттай сүүг ууснаар та ханиад томууг ч эмчилнэ, тамир тэнхээ ч орно. Эртний оточ нар хоолой өвдсөн үед шөнө унтахдаа хоолой дээрээ зөгийн бал түрхсэн байцааны навч тавьж унтахыг зөвлөдөг байсан. Байцаан дээрээ пергамент цаас (нэвтрүүлэхгүйн тулд) тавиад гадуур нь ороолтоор орооно. Зөгийн балаа бүрэн хаттал боолтоо авахгүй. Энэ арга өвчнийг нам дарна. Харин энэ зөвхөн ангинд төдийгүй хоолойны бусад өвчинд ч сайн. Саванд 1 стакан ус, тал стакан оросоор “анис” гэж ургамлын үр хийж зөөлөн гал дээр 15 минут чанана. Шүүсний дараа энэ ханд дээрээ 1 цайны халбага зөгийн бал 1 хоолны халбага коньяк хийнэ. Тэгээд энэ бэлдмэлийг бүлээсгээд өдрийн турш ууж дуусгана.
Төмс чанасан усны уураар утах
Чанасан төмсний ууранд хоолойгоо утах аргыг олон хүн мэднэ. Бага хэмжээний усанд жижиг төмс хальстай нь чанаад шөлөнд нь 2 ширхэг валидол хийнэ. Дээгүүрээ зузаан алчуур бүтээгээд ууранд нь хоолойгоо утна. Хоолойн ангиныг бөөрөнхий сонгины шүүсээр эмчилж болно. Гэхдээ эдгээр жорууд зүрхний цусан хангамжийн дутагдалтай, зүрхний хэм алдагддаг, ходоодны шархтай хүмүүст тохирохгүй. Мөн уушгины агшил хүчтэй явагддаг өвчтэй хүмүүс түүхий сонгино хэрэглэж болдоггүй.