Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг хэмээн ДЭМБ-аас хүлээн зөвшөөрч, хорт хавдар үүсгэх нэг шалтгаан болдгийг 2013 онд зарласан байдаг. Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах тухай зарим зүйлсийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, Уушгины тасгийн их эмч Ц.Батцэнгэлээс тодрууллаа.
-Агаарын бохирдлоос үүдэн хүний биед суурь өвчлөл үүсэх магадлалтай юу?
-Хүний амьсгалж буй агаар бохирдон, найрлага нь өөрчдлөгдөж, янз бүрийн химийн бодис, тоос тортог агуулагдаад ирэхээр юун түрүүнд амьсгалын эрхтэн тогтолцоо гэмтэж эхэлдэг. Цаашлаад амьсгалын замын эрхтнүүдэд олон төрлийн өвчлөл үүсэх шалтгаан болдог. Эн тэргүүнд гуурсан хоолойн цочмог үрэвсэл үүснэ. Гуурсан хоолойн цочмог үрэвсэл буюу амьсгалын замын вирусийн халдвар болох ханиад, томууны өвчлөл нэмэгдэх, өвчлөлийн үргэлжлэх хугацаа нь уртсах, эмчилгээ авахгүй байх зэрэг нь уушгины янз бүрийн архаг өвчлөлийн суурь болдог. Үүнээс гадна агаарын бохирдол нь гуурсан хоолойн багтраа өвчин буюу астма, уушгины архаг үрэвсэлт өвчин үүсэх шалтгаан болдог. Цаашлаад уушгины хорт хавдар үүсэх шалтгааныг хортой утаа буюу агаарын бохирдолтой холбон тайлбарлаж байна.
-Өвлийн улиралд уушгины тасгийн ачаалал нэмэгддэг. Энэ нь сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ихэссэнтэй холбоотой юу?
-Ер нь манай тасаг ачаалал ихтэй байдаг. Ялангуяа өвлийн улиралд амьсгалын замын өвчин, халдварын шалтгаант өвчлөл, уушгины хатгалгаа зэрэг нь нэмэгддэг. Уг нь хатгаа гэдэг маань амьсгалын замын цочмог, халдварын шалтгаантай өвчин юм. Гэтэл сүүлийн жилүүдэд хатгаа өвчний тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь агаарын бохирдолтой яах аргагүй холбоотой. Хатгаа өвчний эдгэрэлт нь удааширч, хүндрэх нь ихэсч байна. Үүнээс үүдэн нас барах тохиолдол ч цөөнгүй гарч байна. Агаарын бохирдол бол энэ асуудлын хамгийн гол үүсгэгч, нөлөөлөгч нь юм.
-Агаарын бохирдол тодорхой насны бүлэгт илүү сөрөг нөлөө үзүүлнэ гэж байх уу?
-Агаарын бохирдол нь аль ч насны хүнд ялгаагүй, ижил нөлөө үзүүлдэг. Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн их хэмжээний хортой бодисоор хүн амьсгалаад л байвал хэдий эрүүл хүн ч байнга амьсгалын замын цочрол өгч байдаг. Түүнчлэн хүний бие үүнд хариу үйлдэл үзүүлж эхэлдэг. Ханиалга гэдэг нь амьсгалын замын хамгаалах рефлекс юм. Ханиалгах, цэр гарах зэрэг шинж тэмгүүд удаан хугацаанд үргэлжилж, даамжирах юм бол амьсгалын замын архаг хууч өвчин үүсэх шалтгаан болдог. Ханиад, томуу тусаагүй атлаа ханиалгах, хамар битүүрэх, зарим тохиолдолд хар өнгөтэй цэр гарах зэрэг шинж тэмгүүд илрэх нь амьсгалын замын эрхтэнүүд ямар нэгэн хорт бодист хордсондоо хариу урвал үзүүлж буй хэрэг юм.