COVID-19: ОХУ нүүр царай таних технологиор иргэдээ хянана


COVID-19 вирусийн тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ОХУ-д өөрийгөө тусгаарлах, хорио цээрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд онц байдалд иргэдийг журам зөрчүүлэхгүй байх үүднээс орчин үеийн мэдээллийн технологиудыг ашиглахаар болсон талаар Regnum агентлаг дамжууллаа. 
Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын гуравны өдрөөс эхлэн Оросын иргэдэд хорио цээр зөрчсөн бол гар утсанд нь мессеж илгээхийн зэрэгцээ тэдний зөрчлийн талаарх мэдээллийг Дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Хэрэглэгчийн хяналтын газар, шуурхай штаб руу илгээх аж. 
Мөн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн Харилцаа холбооны яам Нийгмийн даатгалын сан болон Москва хотын засгийн газарт өөрийгөө тусгаарлах шаардлагатай иргэдийн талаарх мэдээллийг өгөх юм байна. Тодруулбал тахал тархсан орнууд болон вирусийн халдвар бүртгэгдсэн орнуудаас ирсэн иргэдийн талаар мэдээлэл өгөх гэнэ. 
Ойрын үед москвачууд гэрээсээ гарахдаа QR код үзүүлэх шаардлагатай болох бөгөөд энэ кодын тусламжтайгаар хяналтын болон хууль сахиулах байгууллагууд тухайн иргэнийг гэрээсээ гарах эрхтэй эсэхийг шалгахаар болжээ. Мөн журам зөрчигчдийг камер, гар утасны ярианы жагсаалт, банкны гүйлгээний мэдээллээр хянах гэнэ. Хорио цээрийн журам зөрчсөнд тооцогдохгүйн тулд Москва хотын оршин суугчид хотын даргын албан ёсны сайтад өөрийн оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, гэрэл зураг зэргийг бүртгүүлснээр тэдэнд QR код олгох юм байна. Энэ кодыг гэрээс гарах бүрт хууль сахиулагчид хянан шалгах аж.
QR кодыг хэвлэж эсвэл гар утсандаа татан авч болох гэнэ. Гэрээс гарах бүрт энэ кодыг үзүүлэх шаардлагатай бол хүчний байгууллагууд, засгийн газар, хотын захиргаа, Төрийн дум, Холбооны зөвлөл зэрэг байгууллагуудын ажилтнууд хотоор чөлөөтэй зорчих үнэмлэхтэй болох юм байна. 
Журам зөрчигчдийг нэг сая хүртэлх рублиэр торгоно 
Москва хотын эрх баригчид оршин суугчдынхаа хөдөлгөөнийг хэд хэдэн аргаар хянахаар төлөвлөжээ.
  • Явган, машинаар эсвэл нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэний QR кодыг цагдаагийнхан шалгана.
  • Иргэн оршин суугаа бүсээсээ өөр газарт банкны гуйвуулга хийж байвал банкууд энэ талаар зохих газарт мэдээлнэ.
  • Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа оршин суугчдын байршлыг "Социальный мониторинг" гар утасны апликейшнээр хянана.
  • Үүрэн холбооны операторууд иргэдийн зорчих хөдөлгөөний талаарх мэдээллийг зохих байгууллагуудад өгнө.
  • нүүр царай таних системд холбогдсон камеруудын тусламжтайгаар иргэдийн мэдээллийг цуглуулна.
Өөрийгөө тусгаарлах горим зөрчсөн этгээдүүдийг дөрөвдүгээр сарын гуравныг хүртэл ямар нэг хариуцлагад татахгүй, цагдаагийнхан тэдэнд тайлбарлан таниулж, шаардлагатай бол гэрт нь хүргэж өгөх аж. 
Харин QR код нэвтрүүлснээс хойш ийм кодгүй иргэд, зөвшөөрөлгүйгээр гэрээс гарсан, оршин суугаа газраасаа хол газарт бараа бүтээгдэхүүн худалдан авахаар зорчсон хүмүүсийг торгож эхлэх юм байна.  Дөрөвдүгээр сарын дөрөвний өдрөөс ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж, журам зөрчсөн этгээдүүдийг 1000-3000 рубль, эрүүл ахуй тахлын горимыг зөрчсөн бол 15-40 мянган рубль, "бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан" иргэдийг 150-300 мянган рублиэр торгох аж. 
Г.Бямбасүрэн
Shuud.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан