ТВ үзэх
Төөрөгдөл: Бүдэг гэрэлд ном уншиж, телевизийг хэт ойроос үзэхэд нүд өвдөж хараа мууддаг.
Баримт: Бүдэг гэрэлд ном уншихад таны нүдний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. ТВ-ийг ойр сууж үзэхэд таны нүдэнд ямар ч асуудал гарахгүй.
Эмчид үзүүлэх
Төөрөгдөл: Таны хараа муудаагүй л бол нүдний эмчид очих шаардлагагүй.
Баримт: Хүн бүр тогтмол нүдний эмчид очиж үзүүлж байх хэрэгтэй. АНУ-ын нүдний эмч нарын холбоо (AOA) 18-аас 60 хүртэлх насныхан хоёр жил тутам нэг удаа нүдээ үзүүлж, хараагаа шалгуулж байх хэрэгтэй. Хэрэв 60-аас дээш настай бол жил бүр эмчид үзүүл хэмээн зөвлөж байна.
Шил болон линз
Төөрөгдөл: Хэрэв та нүдний шил, линз зүүдэг хэрнээ түүнийгээ зүүхгүй бол нүд чинь өвдөнө.
Баримт: Та нүдний шил зүүдэг ч түүнийгээ зүүгээгүй үед таны нүд өвдөхгүй. Харааны гажигтай хүүхдүүдийн харааг засах, сайжруулах зорилгоор л байнга нүдний шил зүүлгэдэг.
Нүдээ цэвэрлэх
Төөрөгдөл: Хэрэв таны нүдэнд ямар нэг зүйл орчихвол тэр даруй арчиж авах хэрэгтэй.
Баримт: Тоос эсэхийг шалга. Хэрэв таны нүдэнд элс, жижиг хог хаягдал орчихсон бол гар хүрч авах гэж бүү яар. Хамгийн зөв арга бол нүдээ бүлээн усаар угаах юм. Ингээд болохгүй бол шууд эмчид хандаарай. Нүдний зарим ноцтой гэмтэл эхлээд ялихгүй юм шиг санагддаг.
Эрүүл хүнс
Төөрөгдөл: Нүдний эрүүл мэндэд хамгийн сайн ногоо бол лууван.
Баримт: Үнэндээ луувангаас илүүтэй нүдний эрүүл мэндэд хамгийн сайн хоол хүнс бол бууцай юм. Бууцайнд нүдэнд ашигтай олон аминдэм агуулагдаж байдаг. Нас дээр гарах тусам нүдэнд шар толбо тотож хараа мууддаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бууцай идэж байх хэрэгтэй.
Нарны шил ба хараа
Төөрөгдөл: Нүдний хар шил нарнаас хамгийн сайн хамгаалдаг.
Баримт: Нарны гэрлээс нүдийг хамгаалахад шилний өнгө нөлөөлдөггүй. Аль аль нь нарны хэт ягаан туяанаас хамгаалж чадна.
Линз ба нарны гэрэл
Төөрөгдөл: Миний линз хэт ягаан туяаны хамгаалалттай учир нарны шил хэрэггүй.
Баримт: Нарны хэт ягаан туяанаас зөвхөн нүдний шил л 100 хувь нүдийг хамгаалж чадна.
Нүдээ үзүүлэх
Төөрөгдөл: Эмчид нүдээ үзүүлж, шалгуулснаар зөвхөн нүднийхээ эрүүл мэндийг мэднэ.
Баримт: Нүдийг нарийн шинжилснээр чихрийн шижин, цусны даралт, тархины хавдар болон тархины судасны хатуурал зэрэг бусад олон өвчнийг илрүүлж, оношилж болно.
Нас ба нүд
Төөрөгдөл: Миний нас өтлөх тусам хараа муудна. Үүний эсрэг юу ч хийж чадахгүй.
Баримт: Тамхи татах нь нүдэнд шар толбо суух эрсдлийг 50 хувиар нэмнэ. Мөн таргалалт нь нүдэнд муугаар нөлөөлдөг. Нүдээ эрүүл байлгахын тулд загас, ногоон навчит хүнсний ногоо идэх хэрэгтэй. Эдгээр хүнс эрсдлийг маш их бууруулна.
Дашрамд дурдахад энэхүү төөрөгдөл ба баримтыг Америкийн нүдний эмч нарын холбооноос олон нийтэд тараасан болно.