Ник Хамфрейсийн нүд долоо хоногийн турш хуурайшин үрэвсэж улайжээ. Тэрээр зовиураа нүдний дусаалгаар эмчлэхийг оролдож, гар утас, компьютерийнхээ гэрлийг багасгасан ч тус болоогүй байна. Түүний өвдөлт улам ихэссэн учир орон нутгийн харьяаллынхаа эмнэлэгт үзүүлэхэд нүд нь халдвар авсан байжээ.
Ингэх болсон шалтгаан нь тэрээр шүршүүрт нүдний линзтэйгээ орсноос үүдсэн бөгөөд энэ нь Акантамёбны Кератит (Acanthimoeba Keratitis (AK)) буюу нүдний нэг төрлийн халдвар байсныг мэджээ. Ник харааны шил зүүдэг ч найзуудтайгаа хөлбөмбөг тоглохдоо линз зүүдэг байна.
Тэрээр баруун нүднийхээ харааг бүрэн алдаж, хараагаа сэргээх зорилгоор эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх болжээ. Санаанд оромгүй явдлаас буюу нүдний линзтэйгээ усанд орсноос үүдэж халдвар авч цаашлаад хараагаа алдах боломжтойг дээрх жишээ харуулж байгаа аж.
Колумбийн их сургуулийн Анагаах ухааны төвийн нүдний хүрээлэнгийн эмч Даниэлл Трэйф хэлэхдээ “Ихэнх халдвар нүдний хүчтэй найрлагатай дусаалгад эдгэрэх боломжтой байдаг. Гэхдээ энэ нь хор хөнөөлгүй гэсэн үг биш бөгөөд хараанд сөргөөр нөлөөлж болно” гэж хэлэв.
Нүдний эмч нар линзтэй сэлэх болон саун, шүршүүрт орохгүй байхыг зөвлөдөг. Контакт линз хэрэглэдэг хүмүүст илүү түгээмэл тохиолддог шалтгаан нь линз нүдэнд жижиг зүсэлт үүсгэдэг бөгөөд энэ нь паразит халдварыг дотогш нэвтрэх, линзний дор ороход хялбар болгодог байна.
Паразит нүдний эвэрлэг бүрхэвч дээр шарх, сорви үүсгэдэг бөгөөд ховор тохиолдолд хараагаа алддаг байна. Хамфрей шиг ийм тохиолдолд гэмтсэн эвэрлэгийг донорын эвэрлэгээр солих хагалгаа хийлгэх боломжтой.
Гэхдээ энэ хагалгааг хийлгэсний дараа маш ховор тохиолдолд нүдэндээ төгс хараатай болдог байна.
Линзийг аюулгүй хэрэглэх бусад зөвлөмж
· Линзтэй унтаж болохгүй
· Линз таны нүдийг загатнуулж, улайлгаж байвал тэр даруй линзээ гаргаж аваарай
· Линзийг өдөрт найман цагаас ихгүй хугацаанд хэрэглээрэй
· Линзээ зүүх болон авахынхаа өмнө гараа угаагаарай
· Хэрвээ линз чинь танд тохирохгүй байвал нүдний эмчид хандаж зөвлөгөө аваарай.
Ц.Уянга
GoGo.mn