Шүүгээгээр дүүрэн өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд хэрэглэл, гүйцээж амжаагүй ажлууд, шийдэж чадаагүй байгаа асуудлууд. Олон зүйлийг зэрэг амжуулна гэсэн бодол, харсан эд бүхэндээ шунаж явдаг араншин бидний ихэнхийнх нь амьдралын хэв маягийг тодорхойлжээ. Дээр дурдсан асуудлуудыг бид өдөр тутамдаа анзаардаггүй ч биднийг хамгийн их стресстүүлж, дарамтад оруулдаг хүчин зүйлс юм. Тэгвэл эдгээрийн эсрэг байх буюу өөрийн хэрэглэдэг зүйлсийг л ашиглаж, өөрт хэрэгтэй ажил дээрээ л төвлөрөх тэрхүү үзлийг минималимз гэж тоймлож болно.
Минималистууд гэж тодорхой бүлгийн хүмүүсийг авч үзэх хандлагатай байдаг ч яг үнэндээ минимализм нь тодорхой тусдаа хүмүүсийг илэрхийлнэ гэвэл тун буруу ойлголт болох юм. Учир нь минимализмд заавал ингэж амьдрах ёстой, ийм дүрмийг баримтална гэсэн дэг журам байхгүй бөгөөд энэ нь зөвхөн илүү сэтгэл амар амьдрах, дарамтгүй байх, эрх чөлөөтэй амьдрах л ойлголт билээ.
Онлайн сэтгүүлийн нийтлэлч Кацуяа Тоёода 22 мкв өрөөндөө ердөө нэг ширээ, нэг гудастайгаар л амьдардаг. Одоогоор ганц бие амьдарч байгаа түүнд унтах тухтай гудас, ажлаа хийх ширээ, хоол идэх хэрэгслээс өөр зүйл хэрэг болдоггүй.
Минималист байдлаар амьдарна гэдэг нь өөрт хэрэггүй зүйлсийг эзэмшиж, амьдралд нь хэрэг болохгүй зүйлс рүү шунаж, өөрт шаардлагагүй ажлууд руу анхаарлаа төвлөрүүлэх зэргийн эсрэгээр амьдрахыг л илэрхийлнэ. Чухал цөөн зүйл дээр төвлөрөх, энгийн, цөөн, бага зүйлээр ихийг бүтээх, багаар их боломж үүсгэх зэрэг түлхүүр үгс энэхүү ойлголтыг төгс тодорхойлно.
Нэг сэрээ, нэг халбага, нэг хутга... Ганц бие амьдардаг Кацуяа Тоёодад одоогоор ийм л зүйлс хэрэгтэй. Цэвэрлэх зүйл багатай, цэгцлэх зүйл багатай байна гэдэг гэрийн ажил, ойр зуурын ажил зэрэгт зарцуулах цагийг бага болгосноор өөр зүйлд буюу найзуудтайгаа уулзах, дуртай зүйлдээ цагийг зарцуулахад нь тус болдог аж. Хэрвээ тэр том байшинд, олон тавилгатай, олон хэрэгсэлтэй амьдардаг байсан бол тэдгээрийг цэвэрлэх, цэгцлэх, дундаас нь хэрэгтэй зүйлсээ хайж олох, засаж янзлах зэрэгт маш их цагийг зарцуулна.
Цөөн үгээр минимализмийг зарим хүмүүс эрх чөлөө хэмээн тодорхойлох нь бий. Минималист амьдрал таныг айдсаас, санаа зоволтоос, хэтрүүлэн бодохоос, гэмшлээс, сэтгэл гутралаас чөлөөлнө гэж тодорхойлогддог. Ялангуяа орчин үед юмс төрөл бүрээр хөгжиж бидний эдэлж хэрэглэх зүйлс хэд дахин олширч, бидэнд сонголт хийх хангалттай нөхцөлүүд бий болсон тул илүү ихийг хэрэглэх, илүү ихийг эзэмших, илүү ихийг хийх хүсэл улам ихээр төрөх болсон билээ. Хүний хэрэгцээ, хүсэл, ачаалал үүнийг даган ихсэхийн хэрээр илүү их ачаалал биднийг нөмрөх болж, хэрэггүй зүйлсэд толгойгоо ажиллуулах, дэмий зүйлд санаа зовох, шаардлагагүй зүйлд энерги зарцуулах байдал маш ихэссэн.
"Би өөрийн амьдралд шаардлагатай, хэрэгтэй, дуртай зүйлсээ л байлгаж, түүндээ цаг гаргаж, түүний хэрээр аз жаргалтай байхыг хүсдэг" Сайко Кушибики
Та шүүгээгээ онгойлгоод худалдаж авсан хувцаснуудаа тоолоорой. Та хэдийг нь яг өдөр тутамдаа өмсөж, хэдийг нь шүүгээнд эвхээстэй нь мартаж орхисон бэ? Та сард нийт хэчнээн хувцсыг сольж өмсөж байна вэ?
Японд 2011 онд болсон газар хөдлөлтийн үеэр 20,000 хүн амь үрэгдсэн. Бэртэж гэмтсэн хүмүүсийн тал хувь нь гэрийнхээ тавилгаас болсон байна.
Та яг одоо өөрийн төвлөрч буй ажлуудаа жагсааж бичээрэй. Уг ажлууд таны ирээдүйд чухам ямар хэрэгтэй, тус ажил танд ямар өгөөж өгөх, ямар шалтгааны улмаас хийж байгааг сайтар эргэцүүлээрэй.
Олон зүйлсийг зэрэг амжуулах нь хожоотой гэгддэг ч алийг нь ч үр дүнтэй хийж чадахгүй сул талтай. Харин нэг зүйл дээрээ их цаг зарцуулж, төвлөрч чадсанаар түүнээсээ илүү их ашиг, боломжийг үүсгэх давуу талтай.
Зарим хүмүүс минимализмыг үгүйсгэж хүнийг зорилгогүй, идэвхгүй, сул дорой болгодог гэдэг ч яг үнэндээ минималист байж чадсанаар бага зүйлээр ихийг бүтээх боломж гарч ирдэг аж.
Кацуяа Тоёодо 2 жилийн өмнөөс дэлхий нийтийн трендийг дагаж хувцаслахаа больсон байна. Тухайн үед түүнд хувцас сонгоход, өмссөн хувцсаа хэр тохирч байгаа бол гэдэгт маш их санаа зовдог байж. Харин одоо тэр хамгийн энгийн, цэвэрхэн харагдах цөөн хувцсыг худалдан авч уг асуудлаас ангижирсан.
Та өрөөгөө сайн ажаарай. Таны өрөөнд байгаа тавилга, эд зүйлс яг юунд хэрэгтэй болоод тухайн байрлалд байгааг сайн бодоод үзээрэй.
Япончууд хамгийн минималист үндэстэн. Фумио Сасаки бол минималист амьдралтай сая сая хүний төлөөлөл.
Та нэг өдрийг гэрээ бүтэн цэгцэлж өнгөрүүлээрэй. Шүүгээ, цүнх савнаас тань хэчнээн хэмжээний хэрэггүй, магадгүй хэзээ ч ашиглахгүй зүйл гарч ирэх бол?
Macbook Air бол минималист бүтээгдэхүүний хамгийн алдартай жишээ. Хөнгөн, авсаархан, энгийн байдал бидний амьдралыг ямар амар болгодгийн тод жишээ юм.
Минимализм танд эдгээр олон хэрэггүй, шаардлагагүй зүйлсээс татгалзахыг санал болгодог. Ингэснээр таны амьдрал илүү хөнгөн, амар, эрх чөлөөтэй болох байдал ажиглагддаг тул дэлхийд сая сая хүн ийм хэв маягаар амьдарсаар байна. Сэтгэлийн дарамтгүй, стрессдэх зүйлгүй, эрх чөлөөтэй...