XIV Далай лам: Үхэл ирэх үед юу хийх ёстой вэ?

XIV Далай лам
Бид бүгдээрээ үхэлтэй нүүр тулах учраас түүнийг хайхрахгүй орхиж болохгүй. Өөрсдийн мөнх бус мөн чанарын талаар бодит хандлагатай байх нь бидэнд амьдралаа бүрэн дүүрэн ашиглаж, учир утгатай амьдрах боломж олгоно. Амьдралаа үр дүнтэй ашиглаж чадсан бол айдастайгаар үхэлтэй нүүр тулахгүй харин баясах сэтгэлээр нүүүр тулж чадна.

Амьдралын утга учир

Oлон жилийн турш бидний бие өөрчлөгдсөн байна. Ер нь шашин эсвэл бясалгал ч гэсэн энэ өөрчлөлтийг зогсоож чадахгүй. Бид мөнх биш, хором тутамд өөрчлөгдөж байдаг бөгөөд энэ бол бидний мөн чанарын нэг хэсэг. Цаг хугацаа үргэлж урсан өнгөрч байдаг, түүнийг ямар ч хүч зогсоож чадахгүй. Тэгэхээр бид цагийг зөв зохистой өнгөрүүлж байна уу үгүй юу гэдэг нь жинхэнэ гол асуулт юм. Цаагуураа биднийг өөрсдийг нь ч бас зовоож байдаг, бусдад асуудал үүсгэх хэрэгт бид цагаа зарцуулж байна уу? Энэ бол цагийг ашиглах буруу арга гэж би бодож байна.
Харин илүү сайн нэг арга нь өглөө бүр сэтгэлээ засаж зөв сэдэлтэй болгоод өдрийн туршид тэр сэдлээ хадгалахыг хичээх явдал юм. Энэ нь хэрэв боломжтой бол бусдад туслах, үгүй бол ядаж бусдад хор хүргэхгүй байхыг хичээх гэсэн үг юм. Та ямар ажил мэргэжилтэй байсан ч зөв сэдэлтэй байх боломжтой. Хэрэв бид цагаа өдрийн туршид, долоон хоног, сар, жил,тав, арав бүр хэдэн арван жилийн туршид ийм байдлаар өнгөрөөвөл тэр үед бидний амьдрал утга учиртай болох юм. Хамгийн багаар бодоход өөрийн сэтгэлийг сайхан байлгахад тодорхой хувь нэмэр оруулж байгаа юм. Эрт орой хэзээ нэгэн цагт үхэх болоход бидэнд харамсах сэтгэл төрөхгүй, бид цаг хугацааг тустай байдлаар өнгөрүүлсэн гэдгээ мэдэх болно.
Та бүгдийг цагаа зөв, утга учиртай өнгөрүүлдэг гэж бодож байна. Энэ бол чухал шүү.

Үхэх тухай ойлголтонд бодит байдлаар хандах

Бидний энэ амьдрал харамсалтай нь мөнх биш. Гэвч “Үхэл бол дайсан” гэж бодох нь маш буруу. Үхэл бол бидний амьдралын нэг хэсэг. Мэдээж Бурханы шашны үүднээс энэ бие нь зарим талаараа дайсан гэж үздэг. Мокшад – гэтлэхүйд хүрэх жинхэнэ хүсэл төрүүлэхийн тулд бидэнд дээрх: – төрөл буюу энэ бие, түүний зовлонт мөн чанарыг зогсоохыг хүсэх хандлага хэрэгтэй. Гэвч энэ хандлага их олон асуудлыг бий болгодог. Хэрэв үхлийг дайсан гэж үзвэл энэ бие нь бас дайсан болох ба цааш амьдрал бүхэлдээ дайсан болдог. Энэ арай хэтэрнэ.
Мэдээж үхэл гэдэг бол юутай ч энэ бие махбодийн хувьд байхгүй болно гэсэн үг. Энэ амьдралд ойр дотно холбоо тогтоосон бүх зүйлээсээ салах хэрэгтэй болно. Амьтад үхэлд дургүй байдаг. Энэ нь хүнд ч бас байгалиасаа адилхан байдаг. Бид байгалийн нэг хэсэг, тэгэхээр үхэл бол бидний амьдралын нэг хэсэг. Амьдрал эхлэлтэй, төгсгөлтэй – төрөх, үхэх гэж бий. Гэвч бидний үхлийн талаарх бодит бус хандлага, үзэл бидэнд илүүц зовнил, шаналал авчирдаг юм.
Тийм болохоор Бурханы шашны бүтээл хийдэг бидний хувьд үхэл, мөнх бусыг өөрсөддөө өдөр тутам сануулж байх нь маш их хэрэгтэй. Мөнх бусын хоёр түвшний ойлголт байдаг. Үүнд бүдүүн (бодит) [үүссэн бүх зүйл барагдаж байхгүй болдог] ба нарийн [бүх юмс үзэгдлүүд шалтгаан нөхцлийн нөлөөгөөр хором тутамд өөрчлөгдөж байдаг] түвшин гэж байна. Мөнх бусын нарийн түвшний ойлголт нь үнэндээ Бурханы шашны жинхэнэ сургаал боловч мөнх бусын бүдүүн түвшний ойлголт нь мөнх амьдрах юм шиг бодсон сэтгэлийн үүднээс бий болдог сөрөг сэтгэл хөдлөлүүдийг бууруулдаг учраас бидний бүтээл, дадлын чухал хэсэг бас болдог.
Бүхий л аугаа их хаад эсвэл ража нарын (Энэтхэгийн хаад), мөн барууны хаадуудын том том цайз, хэрмүүдийг хар. Эдгээр эзэн хаадууд өөрсдийгөө үхэхгүй мөнх байна гэж бодож байсан байх. Гэвч одоо бид эдгээр байгууламжуудыг харахад ингэх шаардлагагүй байсан мэт санагддаг. Хятадын Цагаан хэрмийг аваад үзье. Түүнийг барьсан хүмүүст маш хүнд хэцүү байсан байх. Гэтэл эдгээр байгууламжуудыг “Миний эрх мэдэл, эзэнт гүрэн үүрд оршино”, “Би мөнхөд эзэн хаан байна” гэсэн сэтгэлээр бариулсан байдаг. Үүнтэй адил зүүн Германы хэсэг коммунист удирдагчид Берлиний ханыг мянган жилийн турш оршино гэж хэлж байсан. Энэ бүхэн нь өөрсөддөө, намдаа, итгэл үнэмшилдээ баригдаж эдгээр бүхнийг үүрд үлдэнэ гэж бодсоноос үүдэлтэй юм.
Тэгэхээр одоо бидэнд ямар ч өөрчлөлт гарахгүй гэж хүлэгдээгүй – эерэг хүсэл бидний сэдлийн нэг хэсэг болох хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Гэвч хүсэл нь мунхагтай (аливаа зүйлийн учрыг сайн мэдэхгүй байх) нэгдвэл аюултай. Жишээлбэл, мөнх байх мэт санагдах нь гол төлөв “Би мөнх амьдарна” гэсэн үзлийг бий болгож байдаг. Энэ бодит биш. Энэ бол мунхаг. Хэрэв энэ нь илүү их, улам их, асар их хүсэх – хүсэл тачаалтай нэгдэх юм бол бүр улам их асуудал, бэрхшээлийг бий болгоно. Харин билэг ухаантай хосолсон хүсэл нь маш эерэг байдаг бөгөөд бидэнд энэ л хэрэгтэй.
Тарнийн бүтээлүүдэд гавал гэх мэт зүйлийг [мөнх бусыг санах зорилгоор] харж, бас зарим мандалд бид хүүрийн газрыг [оршуулгын газар] дүрсэлдэг. Энэ бүгд бидэнд мөнх бусыг сануулах билэг тэмдэгүүд юм. Нэг удаа миний сууж явсан машин оршуулгын газрын дундуур явж өнгөрөөд энэ тухайгаа би тодорхой санаж байсан учраас дараа нь тавьсан лекцэн дээрээ “Би сая нэг оршуулгын газрын дундуур явж ирлээ. Тэр бол бидний хүрэх эцсийн газар. Бид тийшээ очих ёстой болно” гэж хэлж байсан юм. Есүс Христ загалмайн дээр өөрийн дагалдагч нартаа эцэст нь үхэл ирдэг гэдгийг харуулсан. Бурхан багш ч бас үзүүлсэн. Аллах дүрсгүй, би мэдэхгүй байна, харин Мухаммед ойлгомжтой үүнийг бас үзүүлсэн.

Үхэл ирэх үед юу хийх ёстой вэ?

Бидний хамгийн сүүлийн өдөр ирэхэд бид түүнийг ямар нэг байж боломгүй зүйл гэж харалгүйгээр хүлээж авах хэрэгтэй. Өөр ямар ч арга байхгүй. Энэ үед бүтээгч эзэнтэй шашин шүтдэг хүмүүс “Энэ амьдрал Эзэн тэнгэрийн бүтээл учраас төгсгөл нь ч мөн адил Эзэн тэнгэрийн төлөвлөгөөгөөр ирнэ. Би үхэлд дургүй байгаа гэсэн хэдий ч Эзэн үүнийг бүтээсэн учраас ямар нэг утга байх ёстой” гэж бодох хэрэгтэй.
Энэтхэгийн уламжлал дагадаг, хойд төрөлд итгэдэг хүмүүс ирээдүйн төрлийнхөө тухай бодож, санаа зоволгүйгээр сайн төрөл авах тохиромжтой шалтгааныг бий болгоход хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Жишээлбэл энэ үеэр өөрийн хийсэн бүх буянаа (сайн үйлээ) дараа төрөлдөө сайн төрөлд төрөхөд зориулж болно. Ингээд [бид ямар ч итгэл бишрэлтэй байсан ялгаагүй] үхэх үед сэтгэл маш тайван байх ёстой. Уур бухимдал, хэт их айх зэрэг нь сайн биш.
Хэрэв боломжтой бол Бурханы шашинтай хүмүүс одооноос цагийг дараа дараагийн төрлүүдээ харж ашиглах хэрэгтэй. Бодь сэтгэлийн болон тодорхой тарнийн бүтээлүүд үүнд их сайн. Тарнийн сургаалаар үхэх үед махбодь шингэх найман үе шат явагддаг. Эхлээд биеийн бүдүүн түвшний махбодиуд шингэж дараа нь илүү нарийн түвшинд явагдана. Тарнийн бүтээлчид үүнийг өдөр тутмын бясалгалдаа багтаах хэрэгтэй. Би өдөр бүр өөр өөр мандалын бүтээлд нийтдээ доод тал нь таван удаа мөнх бусын бясалгал хийдэг, амьд байгаа хэдий ч шүү! Энэ өглөө гэхэд л гурван мөнх бусын бясалгал хийгээд байна.
Тэгэхээр энэ бүгд бол ийм байдлаар дараагийн сайн төрөл авах баталгааг гаргаж өгдөг аргууд юм. Харин шашин шүтлэггүй хүмүүсийн хувьд миний өмнө дурьдсанчлан мөнх бус гэдэгт бодитой хандах нь чухал шүү.

Мөнх бусыг үзүүлж буй хүмүүст хэрхэн туслах вэ?

Ийм үйл явц болж байх үед хэрэв дэргэд нь байгаа хүмүүс [хэрхэн туслах талаар] мэдлэгтэй байвал сайн. Өмнө хэлсэнчлэн бүтээгч эзэнд итгэдэг хүмүүст Эзэн тэнгэрийг нь сануулж болно. Эзэн тэнгэрт төвлөрөн залбирч байх юм бол тодорхой хэмжээний тустай гэж Бурханы шашны үүднээс бас үздэг. Ямарч шашин шүтлэггүй хүмүүсийн хувьд өмнө дурьдсанчлан бодитой хандаж, сэтгэлээ тайван байлгахыг хичээх нь чухал.
Нас барж буй хүний дэргэд ойр тойрных нь хүмүүс уйлж байх нь сэтгэлээ тайван байлгахад нь муугаар нөлөөлж, хэт хүлэгдэх сэтгэл төрөхөд хүргэж магадгүй. Хэт их гэр бүл ойр тойрны хүмүүстээ уягдсанаас болж үхэлд дургүйцэж, бухимдал үүсч магадгүй байдаг. Ийм учраас сэтгэлийн төлвийг тайван байлгахыг хичээх нь чухал. Энэ бол хамгийн чухал зүйл юм.
Олон үйл явдлын үеэр би Бурханы шашны хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг төвүүдэд очиж байсан. Жишээ нь Австралид хуврагууд нь хүнд өвчтэй болон мөнх бусыг үзүүлж байгаа хүмүүсийг асрахад бүх сэтгэлээ зориулж байдаг эмэгтэй хуврагуудын нэг хийд байдаг. Энэ бол өдөр тутам энэрэн нигүүлсэх сэтгэлийн бүтээл хийх маш сайн хэлбэр юм. Энэ маш чухал.

Дүгнэлт

Үхэл бол байж болошгүй зүйл биш. Энэ нь өдөр бүр дэлхийн хаа сайгүй тохиолдож байдаг. Үхэх цаг зайлшгүй ирнэ гэдгийг ойлгох нь амьдралаа учир утгатай жолоодоход тусалдаг. Үхэл хэзээ ч ирж болно гэдгийг ойлгосон үед бидний аар саар зүйлийн талаар маргаж, тэмцэлдэх хандлага багасдаг. Бид бусдад аль болох их тусалж амьдралаа бүрэн дүүрэн ашиглах хандлагатай болдог.
Дарамсалад оршин сууж байсан барууны хүмүүст зориулан тавьсан, Энэтхэг улс, Дарамсала хот, 2010 оны 11 сар, бичигт буулгасан Сеан Жонес, Михаел Ричардс, xянан тохиолдуулсан Лүке Робертс, Александер Берзинскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан