Агаарын бохирдол сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

Агаарын бохирдол зөвхөн дотор эрхтнийг өвчлүүлж, хүний насыг богиносгохоос гадна сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.
АНУ, Дани улсын эрдэмтдийн баг хамтран олон сая хүмүүсийн эрүүл мэндийн хувийн мэдээлэлд үндэслэн уг судалгааг хийж “PLOS” биологийн сэтгүүлд хэвлүүлсэн байна. Тодруулбал, тэд 151 сая Америк, 1.4 сая Дани хүмүүсийн эрүүл мэндийн мэдээллийг байгаа газрынх нь агаарын бохирдлын хэмжээтэй харьцуулсан аж.
Судалгаагаар агаарын чанар энгийн хэмжээнээс доош байгаа газруудад хүмүүс сэтгэл гутралд автах магадлал өндөр байдаг гэх үр дүн гарчээ. Гэхдээ шүүмжлэгчид үүнийг батлахын тулд илүү их судалгаа, шинжилгээ хийх хэрэгтэй хэмээн үзэв.
Судалгааны багийн ахлагч Чикагогийн их сургуулийн эрдэмтэн Андрей Рзетски “Сэтгэл гутралд олон зүйл нөлөөлдөг. Гэхдээ агаарын бохирдол бол үүнд нөлөөлөгч шинэ хүчин зүйл болсон” хэмээн ярьжээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Нохой, мэрэгч амьтан дээр туршилт хийхэд агаарын бохирдол тархинд шингэж, үрэвсэл үүсгэсэн. Энэ нь сэтгэл гутралтай төстэй шинж тэмдгийг бий болгосон. Энэ бүхэн хүн дээр мөн адил үйлчлэх боломжтой” гэжээ.
Дашрамд дурдахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор агаарын бохирдол жилд 7 сая хүн буюу минут тутамд 13 хүний амийг авч оддог байна. Мөн дөнгөж төрсөн хүүхдийн насыг 20 сараар багасгадаг болохыг АНУ-ын ашгийн бус эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тогтоожээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан