Нохойд зориулсан хөгшрөлтийн эсрэг эм 2026 онд худалдаанд гаргана

Нохойд зориулсан хөгшрөлтийн эсрэг эм 2026 онд худалдаанд гаргана

 

Сан Францискод төвтэй биотехнологийн “Loyal” компани нохойны насыг дор хаяж нэг жилээр уртасгах зориулалттай эм бүтээжээ. Тус эм нохойны хөгшрөлтийн биологийн механизмд төвлөрч бодисын солилцоог нь сайжруулах ач тустай бөгөөд 2026 онд худалдаанд гаргах төлөвтэй байгаа аж.
LOY-002 эмийг үхрийн махны амттай шахмал хэлбэрээр үйлдвэрлэдэг бөгөөд 10 ба түүнээс дээш насны, 6 килограммаас дээш жинтэй нохойд зориулан бүтээжээ. Эмийг 2026 оноос эхлэн гэрийн тэжээвэр амьтан эзэмшигчдэд худалдаалах төлөвтэй байгаагаас гадна тус компанийн үйлдвэрлэсэн төстэй үйлчилгээтэй эмүүд ч байгаа аж.
“Loyal” компаниас LOY‑001, LOY-003 зэрэг эмийг 18 килограммаас багагүй жинтэй том үүлдрийн нохойд зориулан бүтээж байна. Эдгээр эмүүд хөгшрөлтийн явцыг хурдасгадаг том нохойны өсөлтийн даавар болох IGF-1-ийн хэт идэвхжилтийг багасгах үйлчилгээтэй ажээ.
Тус компанийн зүгээс "Бид бүх төрлийн хэмжээтэй нохойны эрүүл хөгшрөлтийг дэмжих зорилгоор LOY-002-г боловсруулж байна. Энэхүү бүтээгдэхүүнийг нохойны бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулах, нас ахих тусам амьдралын чанарыг нь дэмжиж, эрүүл насыг нь уртасгах зорилготойгоор бүтээж байгаа” гэжээ.
Үслэг найзуудынхаа амьдралыг уртасгах нь гэрийн тэжээвэр амьтантай хүмүүсийн анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд LOY-002 хөрөнгө оруулагчдаас 125 сая долларын санхүүжилт босгосон нь хүмүүсийн хүлээлт төдий чинээ их байгаа гэдгийг харуулж байна. Хөрөнгө оруулагчид эхэндээ хүний урт наслалтыг сонирхож байсан боловч олон арван жилийн турш хүмүүст шаардлагатай туршилтаас үүдэн нохойны урт наслалт руу анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч нохойны хөгшрөлтийг судалснаар хүний урт наслалтын талаар үнэ цэнтэй мэдээллүүдийг олж болно гэж судлаачид үзэж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан