Альцхаймерын өвчнийг анагаахад метазоламид эмийг ашиглана

Альцхаймерын өвчнийг анагаахад метазоламид эмийг ашиглана

 

МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 2. /ТАСС/. Нүдний даралт ихсэх өвчинд хэрэглэдэг метазоламид ба түүнтэй төстэй эмүүд нь Альцхаймерын өвчтэй хүмүүсийн тархины нейронуудад тау уургийн бөөгнөрөл үүсэх явцыг дарангуйлдаг байна. Ийм шинж чанарыг Их Британийн молекул биологичид саяхан олж нээжээ.  

“Метазоламид нь тархины эсүүд дэх тау уургийн эмгэг үүсгэгч хэлбэрүүдийн бөөгнөрлийг багасгаж, энэхүү уургийн “хог” цаашид хуримтлагдахаас хамгаалдаг болохыг хулгана дээр бидний хийсэн туршилт харууллаа. Мөн данио-рерио загасан дээр скринингийн аргаар хийсэн туршилтын дүн ч үүнийг баталсан” гэж Кембрижийн их сургуулийн судлаач Фарах Сиддики ярьж байна.

 

 

 

Тау уургуудын молекулууд хуримтлагдах хандлагатай нейронуудад одоо хэрэглэгдэж эмүүд хэрхэн нөлөөлж буйг судлах явцдаа эрдэмтэд энэхүү нээлтийг хийсэн байна. Альцгеймерийн өвчин, Стил-Ричардсон-Ольшевскийн хам шинж болон зөнөгрөлийн бусад төрлийн өвчний үед мэдрэлийн эсүүдэд тау уургууд ихээр хуримтлагддаг ажээ.

 

 

 

Тау уургийн бөөгнөрлийг дарангуйлж чадах эмийг хайж буй Британийн эрдэмтэд данио-рерио загасны тусгай үүлдрийг гарган авсан бөгөөд аквариумын энэ загасны нүдний нейронуудад тау уургийн хорт хэлбэрүүд илүү ихээр хуримтлагддаг байна.

Иймээс одоо хэрэглэгдэж буй 1400 гаруй төрлийн эмнүүд уг загасанд хэрхэн үйлчилж буйг эрдэмтэд судалсан бөгөөд рецепторуудын тэсвэрлэх чадварыг ямар нэгэн хэмжээгээр сайжруулж, тэдгээрийн бөөнөөрөө устах явцыг удаашруулж буй 70 гаруй молекулыг илрүүлсэн байна.  

 

 

 

Тэдгээр эмийн дотроос нүдний даралтын эсрэг үйлчилгээтэй метазоламид ба түүнтэй төстэй эмүүд нь хамгийн их үр дүнтэй нь батлагдсан бөгөөд эсүүд дэх хүчил-шүлтийн тэнцвэр ба СО2 молекулуудын эргэлтийг зохицуулж байдаг CA1 ферментийн ажиллагааг зогсоож байжээ. Улмаар хулгана дээр хийсэн туршилтын дүнд, генийн эмчилгээ ба метазоламидын тусламжтайгаар CА1 ферментийн ажиллагааг дарангуйлах нь Альцхаймерийн өвчний явцыг удаашруулж байгаа нь тогтоогджээ.  

“Тархин дахь тау уургийн хортой бөөгнөрлийг зогсооход метазоламидыг хэрэглэх нь илүү ирээдүйтэй болох нь харагдлаа. Энэ бодис хүнд аюулгүй гэдэг нь өмнө нь нэгэнт батлагдсан учраас одоо клиник туршилтыг шуурхай хийхэд дөхөмтэй” гэж Кембрижийн их сургуулийн профессор Д.Рубинштейн ярьж байна. 

 

 

 

Альцхаймерын өвчний тухайд

 

 

 

Энэ бол хөгшрөлттэй холбоотой зөнөгрөл өвчний хамгийн түгээмэл хэлбэр юм. APP уургийн гэмтсэн молекулуудаас бүрддэг бета-амилоид хэмээх хортой уургийн зангирал орооцолдоон нь тархины нейронуудад үүссэнээр уг өвчнийг өдөөдөг байна.

Бета-амилоидоос гадна тау уургийн гэмтсэн хортой молекулууд тархины эсүүдэд хуримтлагдсанаар Альцгеймерийн өвчин даамжирдаг ажээ. 

 

Б.Адъяахүү

https://sonin.mn/newsDetail/6341

 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан