Монгол Улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 83 орчим хувийг нялхсын эндэгдэл, 52 орчим хувийг нярайн эндэгдэл эзэлдэг байна. Иймд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулахын тулд нялхас болон нярайн эндэгдлийг бууруулах асуудал нэн чухал юм. Сүүлийн 10 жилд нялхсын эндэгдлийн шалтгаанд перинатал үед үүссэн эмгэг, төрөлхийн хөгжлийн гажиг, амьсгалын тогтолцооны өвчин, осол гэмтэл зонхилон тохиолджээ.
Нярайн уушгины даралт ихсэлтийн хам шинж нь нярайн өвчлөл эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг болдог бөгөөд нярайн өвчлөл эндэгдэл бууруулах ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв-2, Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудад Азотын ислийг нярайн эрчимт эмчилгээний тасгуудад эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ. 2025 оны 1 сарын II долоо хоногийн байдлаар нийт 9 нярайг азотын ислийн эмчилгээг амжилттай хийгээд байна.
Цаашид хүүхэд, нярайн уушгины артерийн даралт ихсэлт өвчний эрчимт эмчилгээ, амбулаторийн эмчилгээг цогцоор нэвтрүүлэхээр төлөвлөж байна.