Бидний сэтгэлзүйн хэрэгцээ хангагдахгүй байх үед уцаарлах, түгшүүрлэх, цаашлаад сэтгэл гутралд орох зэрэг таагүй сөрөг нөлөөтэй. Тэгвэл Байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөх, Ойлгогдох, Хүндлэгдэх, Үнэ цэнтэй гэдгээ мэдрэх гэсэн сэтгэлзүйн үндсэн хэрэгцээнүүдээ хангахын тулд дараах арга замыг хэрэглэж болно.
- Сэтгэлээ засах гэж согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис, видео тоглоом, мөрийтэй тоглоом, порно, их идэх, худалдан авалт хийх, дур мэдэн эм уух, өөрийгөө тусгаарлах, кофе их хэмжээгээр уух, хэтрүүлэн ажиллах, хэтрүүлэн суралцах зэрэг нь сэтгэлзүйн хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Харин ч тухайн зүйлээ олон давтамжтай хийх шаардлагатай болгож, хамааралд оруулж донтуулдаг байна. Иймд эдгээр арга замыг бүү сонгоорой!
- Ганцаардах замыг бүү сонго. Ганцаардах нь бидний дархлалын системийн үйл ажиллагааг алдагдуулж, өвчинд өртөмтгий болгодог. Нийгмийн хүрээлэлд ор. Нийгмийн хүрээлэл багатай байх нь дархлааг бууруулахаас гадна ганцаардах мэдрэмжийг үргэлж авах нь бие, сэтгэлийг өвчлүүлдэг тул аль болох таныг ойлгодог гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө ярилцах, дотроо уудлах хэрэгцээ бий.
- Сэтгэлээ уудлан ярилцах хүн байхгүй үед сэтгэлзүйч, сэтгэл засалч зэрэг хүмүүст хандаарай. Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх өрөөнд орсны дараа үнэн хэрэгтээ үйлчлүүлэгч сэтгэлзүйчтэй биш өөртэйгөө уулздаг.
- Сэтгэлзүйчид хандсан бол та сэтгэлзүйн үнэлгээ хийлгэж болно. Энэ үнэлгээний үр дүнд та өөртэйгөө дахин танилцаж, өөрийгөө хэн бэ, хэн байхыг хүсэж байна вэ гэдгээ ойлгох юм. Сэтгэлзүйчтэй уулзах нь өөртэйгөө илүү сайн ажиллаж сурна гэсэн үг юм. Мэргэжлийн хүн таны хийх ёстой ажлыг илүү тодорхой болгож өгнө.