Бага насны хүүхэд тоглох замаар аливааг сурч, хүрээлэн буй орчин, юмсын учрыг олдог. Хөгжилдөж байх зуураа бага насны хүүхэд хөдөлгөөн, танин мэдэхүй, нийгэм, сэтгэл хөдлөлийн ур чадварыг бий болгож, хөгжлийнхөө чухал хэсгүүд дээр ажиллаж байдаг. Гэхдээ тоглохын хүч чадал нь эрт үеийн суралцахуйгаар хязгаарлагддаггүй: энэ нь таны хүүхдийн төдийгүй таны өөрийн тань сэтгэцийн эрүүл мэндийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эцэг эхтэйгээ тогтмол тоглодог хүүхдүүд сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутрал, түрэмгий зан авир, нойрны асуудалтай болох магадлал бага байдаг.
Хөгжилдөх, сурах аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрөөх нь хүүхэд, асран хамгаалагч хоёр хоорондоо ойр дотно болоход тусалдаг. Бяцхан үрийнхээ хамт тоглох анхны найзын хувиар та хүүхдэдээ гэртээ юм сурах болон холбоо тогтоож дотносох боломжийг олгох боломжтой. Хүүхэдтэйгээ ийнхүү хамт тоглосноор хүүхдийнхээ нүдээр ертөнцийг харах боломж танд олддог.
Хүүхдэдээ хайр, тав тух, анхаарал зэргийг өгснөөр та хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, ирээдүйн сайн сайхан байдлыг дэмжих сэтгэл хөдлөлийн болон нийгмийн ур чадварыг хөгжүүлэх үндэс суурийг тавьж байгаа юм.
Тоглоом нь стрессийн түвшинг бууруулахад тусалдаг
Тоглоом тоглох, бүжиглэх, дуулах нь таны болон таны хүүхдийн хувьд стрессээ тайлах гайхалтай арга хэлбэрүүд юм. Хамтдаа хөгжилдөж, инээж байх үед хүнийг аз жаргалтай болгодог даавар болох эндорфин ялгардаг. Тэр ч бүү хэл богино хугацаанд хамтдаа тоглосон мөчүүд хүүхдэд төдийгүй насанд хүрэгчдэд эерэг нөлөөтэй. Тоглох цаг гаргах нь хүүхдийг стресст удаан хугацаагаар өртөх сөрөг нөлөөллөөс хамгаалдаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Удаан хугацааны стресстэй нөхцөл байдал нь хүүхдийн бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тоглоом болон насанд хүрсэн хүнээс эерэг, дэмжсэн харилцааг мэдрэх нь эдгээр үр нөлөөг арилгахад тусална. Тоглох нь сэтгэл хөдлөлийн сөрөг мэдрэмжүүдийг даван туулахад хүүхдэд тусалдаг.
Хүүхэд сэтгэл хөдлөлийн нарийн төвөгтэй асуудалтай болсон бол энэ нь ихэвчлэн хүүхдийн тоглох үйл явцаар дамжиж илэрдэг. Хүүхдэд тоглох нөхцөлийг бүрдүүлж өгөх нь хүүхдээрээ байхын зэрэгцээ өвдөлт, айдас, уй гашуу гэх мэт мэдрэмжүүдийг давж гарах боломжийг хүүхдэд олгодог. Тоглох нь үгээр бүрэн тайлбарлаж чадахгүй, сэтгэлийг нь зовоож буй зүйлийг илэрхийлэх арга замыг хангаж өгдөг. Уран сэтгэмжтэй тоглоомоор дамжуулан жаахан хүүхэд сэтгэлийг нь өвтгөсөн үйл явдлыг давтан зураглах байдлаар болж өнгөрсөн зүйлийн нөлөөг ойлгохыг хичээдэг. Жишээлбэл хэрэв хүүхэд тань хоёр том хүн зодолдож байхыг харсан бол хүүхэлдэйгээрээ энэ зөрчилдөөнийг харуулж болно.
Тоглох нь хүүхэд өөртөө итгэлтэй болгоход тусалдаг
Тоглоом тоглох, эсвэл дүрс эвлүүлэх явцдаа асуудлыг шийдэх, бүтээлч шийдэл олох нь хүүхдэд амжилт гаргасан, чадвартай болсон мэдрэмжийг төрүүлдэг. Та хүүхэдтэйгээ тоглох цаг гаргавал хүүхэд тань өөрийгөө үнэ цэнэтэй, хамт байхад хөгжилтэй нэгэн гэдгийг ойлгодог. Тоглох үедээ та бүх анхаарлаа хандуулж, хамт тоглож буй тоглоомдоо сэтгэлээсээ хандах нь чухал юм. Аливааг хамтдаа хийх нь таныг өөрт нь хайртай, таны хувьд хүүхэд тань чухал хүн гэдгийг хүүхдэдээ ойлгуулах боломжийг олгодог - тиймээс инээмсэглэж, идэвхтэй оролцож, хором мөч нэг бүрийг хайрлаж өнгөрүүлээрэй!
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан