- Тэд жижиг зүйлийг том болгож, үүнийгээ байж болох бүх л аргаараа томруулан харагдуулахыг хичээж яншиж, үглэдэг үү? (Юм асгах, аягаа угаахгүй орхих үед).
- Таны сэтгэл зүйг байнга тогтворгүй болгодог уу? (Та тэдний хажууд тайван биш, өөрөөрөө байж чадахгүй, үргэлж одоо ямар зан гаргах бол гэсэн түгшүүртэй байх)
- Танаас үргэлж өөрийнхөө хүсэж буй зүйлсийг хийхийг шаарддаг уу? Өөрөөр хэлбэл, таныг өөрийн чинь бус тэдний амьдралаар амьдрахыг тулгах.
- Тэд таныг бүрэн хяналтдаа байлгахыг хүсдэг үү? (Юу хийж, хэнтэй уулзаж, хэдэн төгрөг олдог зэргийг мэдэхийг хүсэх)
- Таныг шүүмжилж, харьцуулдаг уу?
- Таныг анхааралтай сонсож, харилцан яриа үүсгэж чаддаг уу эсвэл үргэлж өдөөн хатгаж байдаг уу?
- Таныг доромжилж, ичээдэг үү? Ингэхдээ өөрөө байнга хохирогчын дүрд тоглодог уу?
- Таныг буруутгаж, дайрдаг уу?
- Тэд хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж, уучлалт гуйдаг уу?
- Таны хувийн орон зайг хүндэлдэг үү?
- Тэд таны мэдрэмж, хэрэгцээг үл хайхарсаар байна уу?
- Танд атаархаж, өрсөлдөж байна уу?
Хэрэв эцэг эхэд чинь ийм шинж илэрдэг бол та хортой харилцаанд байгаа бөгөөд таны сэтгэл зүй хордож байна гэсэн үг. Ер нь бол хүн 18 нас хүрээд бие даан өөрийнхөө амьдралаар амьдрах ёстой байтал монголд соёлын болон санхүүгийн асуудлаас болоод эцэг эх, хүүхдүүд хамтдаа амьдрах үзэгдэл их байна. Үүрэг хариуцлагаа ойлгон үр хүүхдээ дэмжээд, өөрсдийгөө аваад явж буй эцэг эхчүүдээс гадна, сэтгэл зүйн гэмтэл, эмгэгтэй, хүүхдээ өөрийгөө тэжээх хэрэгсэл, амьд явах утга учир, шалтгаанаа болгосон олон хүн байна.
Хүүхэд байхад нь хангалттай, хайр энэрэл үзүүлээгүй, сэтгэлийн холбоос үүсгээгүй байж, хожим хүүхдээсээ ихийг шаардах эцэг эхчүүд ч байна. Энэ хүслээ биелүүлэхийн тулд тэд хүүхдээрээ голоо зогоож, гуйлга гуйлгуулах, биеийг нь үнэлүүлэх, сэтгэлийн болон биеийн хувьд хүчирхийлж, босож ирэхээргүй болтол нь сэтгэл зүйн гэмтэл учруулдаг. Иймд, хүн байнгын үл ойлголцол, хэрүүл тэмцэл, хүчирхийллээс ялгарах хороор өөрийн сэтгэл зүйг утуулахгүй байх, үүнээс үүдэх зүрх судасны өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд амар амгалан амьдрах орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд,
• Хүн бусдыг бодохоосоо өмнө эхлээд өөрийгөө л бодох хэрэгтэй. Өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч, таныг хордуулж буй харилцаанаас сэтгэлээ хамгаал. Өөрөөр хэлбэл, бусдын өмнөөс хариуцлага хүлээхээ боль. Харин өөрийн амьдралыг бүтээ.
• Эцэг эх тань, танaар бие, сэтгэлээ тэжээлгэдэг бол та тодорхой заагтай байх хэрэгтэй. Та өөрийнхөө бус тэдний амьдралаар амьдарсаар насыг барахыг хүсэж байна уу? Таныг зайгаа барьж эхлэх үед тэд таныг хамаг чадлаараа буруутгах болно.
• Та эцэг эхийгээ өөрчилж чадахгүй. Тиймд та өөрийгөө буруутгахаа больж, тэднээс үүссэн сөрөг сэтгэл мэдрэмжээ чөлөөлж, эрх чөлөөтэй амьдрахыг хичээ.
• Та эцэг эхтэйгээ амьдардаг бөгөөд өөрөө гэр бүл, хүүхэдтэй бол, эцэг эхээ биш өөрийн гэр бүлээ, үр хүүхдийнхээ сэтгэл зүйг бодох хэрэгтэй. Мөн та яах гэж хүүхэд төрүүлсэн тухайгаа бодоорой. Хожим хүүхдээрээ тэжээлгэнэ гэж боддог юм биш биз?
• Ерөөсөө хүн юуны төлөө амьдарч байна гэдгээ ухаарах нь чухал. Хожим хүүхдэдээ дарамт болохгүйн тулд одооноос хүр бүр хариуцлагатай ажиллаж, амьдарч, сурах хэрэгтэй. Гадны улс орны иргэд шиг тэтгэвэрт гарсан хойноо дэлхийгээр аялах, үхэхдээ хүртэл үр хүүхдэдээ дараа болохгүй гэж авсны мөнгө, оршуулгын зардлаа бэлдсэн байх зэрэг ухаантайхан амьдарч сурах хэрэгтэй.
• Настай хүмүүст чиглэсэн нийгмийн бодлого монголд үгүйлэгдэж байгаа харагдаж байна.