Таны хүүхэд хумсаа мэрээд байна уу?


Хүүхдийн хумсаа мэрэх нь 01-11 насанд зонхилон тохиолддог. Хүүхэд хумсаа мэрдэг гол шалтгаан нь хүүхэд сэтгэл түгших буюу тааламжгүй сэтгэл хөдлөлд автсан үедээ  аяндаа өөрийн мэдэлгүй хумсаа мэрнэ. Тухайлбал:
– Хүүхдийн айдас, түгшилт
– Биеийн болон оюуны хэт ачаалал
– Өөрийгөө анзаарч хайхрахгүй байгааг анзаарсан мэдрэмж
– Шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлууд,
– Эцэг эхийн амжилт гаргахыг шаардсан шахалт зэрэг нь хүүхэд сэтгэл санааны дарамтад ороход нөлөөлдөг байна.
Хумсаа мэрснээр хүүхдийн тэрхүү сэтгэлийн дарамт нь тодорхой хэмжээгээр гадагшладаг ажээ.
Хумсаа мэрэх нь хүүхдэд дадал зуршил болон тогтох нь ч бий. Үүний нэг илрэл нь хүүхэд асуудлаа шийдсэний дараа ч хумсаа мэрсэн хэвээр байх нь ажиглагддаг.
Нэгэнт дадал зуршил болсон тохиолдолд хүүхэд уйдах, түүнчлэн анхаарлаа төвлөрүүлэн оюуны үйл гүйцэтгэхдээ ч хумсаа мэрэх нь ажиглагддаг.
Хэрэв хүүхэд тань хумсаа мэрж байгаа нь ажиглагдвал энэ нь юунаас болов гэдгийг олж тогтоохыг хичээх нь чухал. Энэ нь үнэхээр хүүхдийн маань сэтгэл санаа тавгүй, дарамттай байдлын илрэл үү, эсвэл гэдгийг тогтоохдоо эцэг эх хүүхдээ сайтар ажиглаж, хүүхэдтэйгээ ойр дотноор ярилцаж, мөн гэр орны уур амьсгал ямар байна гэдэгт шүүмжлэлтэйгээр хандан нягталж үзэх нь зүйтэй. Юуны өмнө та хүүхэдтэйгээ би хэрхэн харилцаж байна вэ гэдгээ анхаарах хэрэгтэй.
Тухайлбал:
– Би хүүхдээсээ хэтэрхий их зүйлийг шаардаж байна уу?
– Хүүхэд маань сэтгэл санаагаа бидэнтэй чөлөөтэй хуваалцаж чадаж байна уу?
– Хүүхдээ сайн сонсож чадаж байна уу?
– Ярьсан зүйлд нь ач холбогдол өгч байна уу?
– Би өөрийнхөө бухимдлыг хэрхэн илэрхийлж байна вэ гэх мэт.
Та эхлээд хүүхэд маань хэзээ, хэр давтамжтайгаар, ямар үйл гүйцэтгэхдээ, ямар нөхцөл байдалд хумсаа мэрж байгаа нь ажиглагдав гэдгийг тогтоохыг хичээгээрэй. Түүний дараа та дараах зүйлүүдийг оролдоод үзээрэй.
– Хүүхэдтэй тухайн насны онцлогт нь тохируулан ойлгож харилцах.
– Зуршил болсон зүйлээсээ ангижрах нь хэцүү гэдгийг мэдэж байгаагаа хүүхдэдээ илэрхийлэх
– Өчүүхэн ч гэсэн амжилт бүрийн дараа та баярлаж байгаагаа хүүхдэдээ илэрхийлээрэй. Энэ нь хүүхдийг хуучин зуршлаасаа салахад зоригжуулна.
– Хүүхэдтэйгээ ойр дотно ярилцаж байх
– Хүүхдийн биеийн болон оюуны ачааллыг насны онцлогт тохируулж байх
Тодорхой үр дүнд хүрэхгүй байвал та мэргэжлийн сэтгэл засалч эмчид, хүүхдийн сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан