Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүний амжилтын 20-25 хувь нь IQ-аас, үлдсэн 75-80 хувь нь EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамжаас шалтгаалдаг байна. EQ нь дотроо дөрвөн чадвараас бүрддэг аж. Энэ нь сэтгэл хөдлөлийг ойлгох, ухамсарлах чадвар, сэтгэл хөдлөлийг удирдах, илэрхийлэх чадвар, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох эмпати бусадтай үр дүнтэй харилцах нийгмийн харилцааны чадвар юм. Сэтгэл хөдлөлийн оюун ухаан хүүхэд наснаас хөгжиж эхэлдэг. Хүүхэд хамгийн түрүүнд сэтгэл хөдлөлөө таньж мэдэх чадвараа олж авдаг гэсэн үг. Тэгвэл хүүхдийнхээ EQ-г хэрхэн хөгжүүлэх вэ.
Хүүхдийнхээ EQ-г хөгжүүлснээр олон давуу талыг бий болгодог
Энэ тухай сэтгэлзүйч Б.Алтанцэцэг ийнхүү зөвлөлөө. “Хүүхдэдээ амьтан тэжээх, цэцэг ногоо тарих зэрэг амьд зүйлстэй харилцах, асрах боломж бүрдүүлж өгөөрэй. Мөн эцэг эхчүүд хүүхдэдтэйгээ ярилцахдаа ярианыхаа агуулга, үгийн санд анхаарах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бусдыг ойлгох мэдрэмжийг сэтгэл зүйд суулгаж өгөх нь чухал. Энэ үед хүүхэд өөрийн мэдрэмжээ аяндаа хуваалцдаг болно. Таны хүүхэд цэцэрлэгт сурдаг гэж бодъё. Цэцэрлэгээсээ ирэхдээ “Тэр найз маань надтай тоглохгүй гэсэн болохоор маргааш би хамт тоглохгүй” гэж байгаа нь дотоод сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар сууж буйн илрэл. Энэ үед эцэг эхчүүд “Чиний найз яагаад тэгсэн юм бол” гэсэн өнгө аяс агуулгыг яриандаа тусгах хэрэгтэй. Ингээд хүүхэдтэйгээ ярилцах үед хүүхэд хэрхэх ёстойгоо ойлгож эхэлдэг. Тэгээд ярианыхаа төгсгөлд миний охин найзаасаа уучлалт гуйгаад тоглоомоороо хамт тоглоорой гээд тохиролцвол хүүхэд маргааш зөв хариу үйлдэл үзүүлнэ. Чамайг өчигдөр надтай тоглоогүй болохоор гомдсон шүү гэж хэлж сурах нь байна. Цаашлаад бусдыг ойлгож мэдэрч эхэлнэ гэсэн үг. Хайр халамж, шаардлага хоёулаа байгаа үед хамгийн зөв хүмүүжлийн хэлбэр гэж үздэг. Хүүхэддээ хатуу шаардлага тавьж захирч харьцдаг гэр бүлд хүүхэд хэзээ ч юу тохиолдож байгаагаа ярьдаггүй. Ярьж, харилцаа үүсэхгүй бол EQ хөгжихгүй. Хүүхдийнхээ EQ–г хөгжүүлснээр олон давуу талыг бий болгож, амжилттай явах суурийг тавьж өгч байгаа хэрэг” гэжээ.
Хөгжмөөр хичээллэдэг хүүхдийн IQ илүү хөгждөг
Харин олон улсын эрдэмтэд энэхүү зөвлөгөөг таашаах болжээ. Үүнд, хүний IQ буюу оюун ухааны түвшин 1-5 хүртэлх насанд хамгийн их хөгждөг байна. Тиймээс ярьж, уншиж сурч байгаа хүүхэддээ үгийн сангаа хөгжүүлэхэд нь туслахын тулд өдөр бүр ном уншиж өгөөрэй. Ном уншиж өгөхдөө тодорхой нэр томъёог тэмдэглэх хэрэгтэй. Харин шинэ үг сурч, төсөөллийг хөгжүүлэхэд нь туслахын тулд ойлголтын түүхийг танилцуулаарай. Энэ нь хүүхдийн сэтгэн бодох, төсөөлөх чадварт сургадаг аж. Номын доторх утга санаа, агуулга, үгийн баялаг таны хүүхдийн оюун ухааны цар хүрээг тэлэх суурь болох юм. Хүүхдээ хичээл хийж байхад, эсвэл түр завсарласан үед нь амттан өгч баярлуулбал том шагнал болохоос гадна тархины ажиллагааг нь идэвхижүүлдэг байна. Мөн хүүхдээ бусдаас ухаалаг гэдэгт итгэж байгаагаа харуулбал хүүхдийн суралцах чадвар нэмэгдэнэ. Мөн хүүхдэд байшингийн эргэн тойронд байгаа дөрвөлжин ба тэгш өнцөгт объектуудыг харуулах нь хоёр хэлбэрийн ялгааг ойлгоход тусалдаг ажээ. Дасгал хийх явцад ялгардаг зарим дааврууд ой санамж, суралцахтай холбоотой тархины хэсэг болох гиппокампад сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймээс хүүхдээ тоглож, гүйж, харайхыг нь битгий хориглоорой. Хөгжмөөр хичээллэдэг хүүхдийн IQ илүү хөгждөг аж. Хөгжим нь хүүхдэд орон зайг мэдрэхэд тусалдаг байна. Тиймээс хүүхдээ долоо хоног бүр гитар, гар бөмбөр гэсэн хөгжмийн зэмсгийг судлах цаг гаргаж өгөөрэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 215 (6947)