Стрессгүй амьдрах боломжгүй, харин стрессээ зөв тайлж сурах нь чухал

Стрессгүй амьдрах боломжгүй, харин стрессээ зөв тайлж сурах нь чухал

 

ДЭМБ-ын 2023 оны тайланд дэлхий дахинд жил бүр 720 мянга гаруй хүн амиа хорлож нас бардаг гэсэн тооцоо гарчээ. 2021 оны байдлаар амиа хорлолт нь 15-29 насны хүмүүсийн нас баралтын гурав дахь шалтгаан болжээ. 2019 онд нас барсан 100 хүн тутмын нэг нь амиа амиа хорлолтын шалтгаантай байсан ба дэлхий дахинаа эрэгтэйчүүд амиа хорлох түвшин  эмэгтэйчүүдээс хоёр дахин их байна. дэлхий дахинаа амиа хорлолтын 73 хувь нь бага, дунд орлоготой орнуудад тохиолдож буйг ДЭМБ-аас онцолсон байна.

Харин манай улсын хувьд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2023 оны статистикаар амиа хорлож нас барсан хүний тоо 100 мянган хүн ам тутамд 14.7 байгаа нь сүүлийн арван жилийн дунджаас 0.3-аар, өмнөх оноос 1.6-аар буурсан байна.

Өнгөрсөн онд нас барсан 20-24  насны залуусын 27.4 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь, 25- 29 насныхны 20.6 хувь буюу таван хүн тутмын нэг нь, 15-19 насныхны 23.6 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь амиа хорлож нас барсан гэх статистик байгаа нь монголчуудын хувьд анхаарал хандуулах асуудал болсныг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар онцлов.

Дэлхий нийтээр жил бүрийн есдүгээр сарын 10-ныг Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ жил уг өдрийг дэлхий нийтээр “Амиа хорлолтын талаарх яриаг өөрчилье. Харилцан ярилцаж эхэлье” уриан дор тэмдэглэж байна.

Амиа хорлох нь макро эдийн засгийн хөгжлийн хямрал, ядуурал, ажилгүйдэл, архидалт гэх мэт нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр амиа хорлох тохиолдлын тоо нэмэгддэгийг судлаачид тогтоожээ. 

СЭМҮТ-ийн төвөөс “Сэтгүүлчид амиа хорлолтын талаарх мэдээллийг хариуцлагатай дамжуулах нь” сургалтыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. 

СЭМҮТ-ийн дэд захирал Н.Алтанзул, Амиа хорлох шийдвэр гаргахын цаана нийгэм, эдийн засаг, ар гэрийн олон шалтгаан бий. Амиа хорлох оролдлого хийсэн хүмүүсийг амиа егүүтгэхээс нь өмнө сэргийлэх боломжтой. Сэтгүүлчид амиа хорлолтын талаар мэдээлэхдээ амиа хорлох шийдвэр гаргахаас сэргийлэх, тусламж үйлчилгээ хайх боломжийг заавал өгөхийг зөвлөж байна. 

Амиа хорлож нас барсан гэж мэдээлэх нь бусдад сэдэл болдог. Дэлхийн улс орнууд амиа хорлолтоос сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх утас ажиллуулдаг. Харин манай улсад ийм зориулалтын тусгай дугаар байхгүй ч, СЭМҮТ-өөс сэтгэл зүйн зөвлөгөөг 1800-2000 дугаарын утсаар 24 цагийн турш мэргэжлийн эмч зөвлөгөө өгдөг. Хэрэв сэтгэл зүйн хямрал, гэнэтийн цочролд ороод яахаа мэдэхгүй байгаа бол энэ утас руу холбогдож болно.

Хэн нэг  хүн амиа хорлосон тухай шүүртүүргүйгээр мэдээлснээрээ амиа хорлолтыг ихэсгэх, дэвэргэхэд нөлөөлдөг. Сэтгүүлчид болсон явдлыг үнэн зөв мэдээлснээрээ дахин нэг хүний амь эрсдэх хүчин зүйл болох бий гэж сэрэмжлүүлэв. Тиймээс гарчигтаа амиа хорлолт гэх мэт үгийг бүү хэрэглэ. Аргыг нь бүү мэдээл, дэлгэрэнгүй мэдээлэх шаардлагагүй. Жишээлбэл, тухайн үйлдэл хийсэн орон нутаг, газар, орон байрыг бүү дурд. Амиа хорлолт болсон газрын гэрэл зургийг гаргах, шалтгааныг тодорхой мэдээлэх хэрэггүй. Хэт дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд ижил төстэй асуудалтай, эмзэг байдалд яваа хүн өөрийн асуудалтай холбож ойлгодог тал бий.

Харин энэ талаар хариуцлагатай мэдээлснээрээ амиа хорлолтоос сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, амиа хорлох оролдого хийсэн хүн энэ асуудлыг хэрхэн даван туулсан тухай түүхийг мэдээлэх нь үр дүнтэй гэж зөвлөдөг. Хэвлэлүүд амиа хорлосон үйл явцыг шат дараалан мэдээлэх нь ийм сэдэл төрсөн, сэтгэцийн эмгэгт өртсөн хүнд сургалт болдог гэж үздэг гэлээ.

СЭМҮТ-ийн эмч Ж.Гантулга, Амиа хорлох үйлдлийг бууруулахад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Стресс үүсэхгүй, сэтгэцийн тулгамдсан асуудалд орохгүй амьдрах нь бараг боломжгүй. Харин тулгамдсан асуудлаа хэрхэн зөв шийдэх тухай л ярина.

Сэтгэцийн эрүүл байдал гэж хүрээлэн буй орчинтойгоо дасан зохицож, бусадтай ойлголцон хамтарч амьдарч ажиллаж, суралцаж, нийгэмд зохих байр суурь эзлэн амьдрах чадвартай хүнийг хэлнэ. Сэтгэцийн тулгамдсан асуудал буюу стресс нь гадны нөлөөнд үзүүлж буй бие, сэтгэцийн хариу үйлдэл юм. Хүн амьдралынхаа хугацаанд тодорхой үйл явдалд  стрессийг мэдэрдэг ч хүн бүр өөр өөрөөр хүлээж авдаг. Тиймээс стрессээс ангид байх боломжгүй бөгөөд стрессийг удирдан, стрессийг зөв тайлахад суралцах хэрэгтэй.

Стресс үүсгэгч хүчин зүйлүүд:

  • Хэт ачаалалтай ажиллах
  • Архи, тамхины хэрэглээ
  • Зан араншингийн хувьд дотогшоо чиглэсэн
  • Орчны дуу чимээ, тааламжгүй нөхцөл
  • Харилцааны зөрчил, будилаан
  • Шинэ орчин нөхцөлд нүүх, шилжих
  • Гэр бүл салах
  • Сургууль, ажилгүй болох
  • Ойр дотны хүн нь өвдөх, салах, хагацах, эд хөрөнгөө алдах
  • Хүчирхийлэлд өртөх
  • Осол сүйрэл
  • Байгалийн гамшиг
  • Цар тахал
  • Ядуурал гэх мэт.

Стрессийн үед илрэх шинж тэмдэг:

  • Толгой өвдөх  
  • Амьсгал бачуурах
  • Зүрх дэлсэх, зүрхээр өвдөх, даралт ихсэх
  • Нойр хямрах
  • Хооллох болон бэлгийн дур буурах, эсвэл ичих
  • Булчин чангарах /нуруу, гар хөл чилж өвдөх/
  • Амархан ядарч тамирдах
  • Биеийн энд тэнд халуун оргих, хүйт даах
  • Гүйлгэх эсвэл өтгөн хатах
  • Сэтгэл хөдлөлийн талаас айх, ичих
  • Сэтгэл түгших, амархан уйлах, гэмших, харамсах
  • Өөрийгөө болон бусдыг буруутгах
  • Сэтгэлээр унах

Стрессээс ангижрах

  • Стресст өртсөнөө хүлээн зөвшөөрч, ойлгох
  • Сэтгэлийг тань зовоож буй асуудлаа ойр дотны хүндээ ярих, мэдрэмжээ хуваалцах
  • Төвлөрч, бясалгах /Өдөрт 6 минут төвлөрч бясалгахад шөнө 2 цаг унтсантай адил амралт болдог/
  • Тогтмол цагт хангалттай унтаж амрах
  • Жилдээ чанартай 1-2 зорилго тавьж, түүндээ төвлөрч зорилгодоо хүрэхийн төлөө ажиллах
  • Амьсгалын дасгал хийх
  • Тэмдэглэл хөтлөх- Асуудлаа ярьж, сэтгэлээ хуваалцах хүн байхгүй бол тэр үеийн сэтгэл хөдлөлөө бичих тайвшрах арга бий. Бичсэн зүйлээ хэсэг хугацааны дараа устгаж болно.
  • Цагийн хуваарь гаргаж, ажил амьдралдаа хэрэгжүүлж сурах
  • Тайвшруулах амьсгалын дасгал хийх
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Дуртай зүйлээ хийх, шинэ зүйлд суралцах
  • Сэтгэл зүйч сэтгэл засалчтай ярилцах
  • СЭМҮТ-ийн 24 цагаар ажилладаг 18002000 утсаар холбогдож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжтой.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан