Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төв барих ажлыг эхлүүлжээ


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулахаар төлөвлөсөн. Тус төвийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн наймдугаар сараас эхлүүлээд байна.
УИХ-ын чуулганаар 2024 оны төсвийг баталж, өвөл дуусч дулаарангуут ажлаа эхэлнэ гэдгийг албаныхан мэдээлж байв. Сангийн яамнаас энэ төслийг гурван жилийн хугацаанд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нийт 140 тэрбумын төсөвт өртгөөс энэ жил 40 тэрбумыг төсөвт суулгасан.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн байрны арын хэсгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас 2010 онд эмчилгээ, үйлчилгээ явуулах боломжгүй гээд акт тогтоосны үндсэн дээр барилгыг нураасан байдаг. Автомашины зогсоолоор ашиглаж байсан газрыг хашаа татан болиулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.
Тэр газар дээр өргөтгөл барихаар зураг төслийг нь хийж байгаад сүүлд орчин үеийн эмнэлгийн стандартад нийцсэн зураг төслийг БНСУ-ын компаниар гүйцэтгүүлжээ.
Өнгөрсөн 2020 онд сонгуулийн өмнө тус эмнэлгийн даргаар Т.Мөнхсайхан ажиллаж байхдаа тушаал гаргаж, эмнэлгийн барилгын зураг дээр ТЭЗҮ буюу бүх цогц ажлыг хийж, Засгийн газарт өргөн барьснаар энэ бүтээн байгуулалт 2020-2024 оны МАН-ын хөтөлбөрт багтжээ. Өмнөх жилүүдэд энэ барилгын ажил яригддаг байсан ч гэсэн улсын төсөвт 140 тэрбум төгрөгийг суулгах боломжгүй байсан. Харин энэ жил энэ төрлийн эмчилгээний хэрэгцээ шаардлага их байдаг гэдгийг ойлгож, ар гэрийнхний хүсэлт их байдаг гэдгийг Засгийн газрын түвшинд дэмжсэн.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд долоо хоногт нэг удаа элэг, бөөр шилжүүлэн суулгах, сард нэг удаа үүдэл эс шилжүүлэн суулгах нөөц боломжтой гэдгийг учирлаж байв. Тиймээс тус эмнэлгийн дэргэд байгуулах Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулснаар олон хүний алтан амийг аврах боломжтой болно гэдгийг эмч нар хэлж байсан юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан