Ж.Чинбүрэн: Чанартай эм үнэтэй байдаг. Гэхдээ тэр нь иргэнийг ядууралд оруулж болохгүй



Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороог 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Түр хорооны хийсэн ажлын талаар УИХ-ын гишүүн, тус хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.
-Эмийн түр хороо байгуулагдсан есөн сарын хугацаанд ямар ажил амжуулав? 
-Эмийн түр хороо анх 2022 онд Н.Учрал гишүүнээр ахлуулан байгуулагдсан. Н.Учрал гишүүн Засгийн газрын гишүүн болсонтой холбоотой, мөн эмийн чанарыг шалгах нь үнийн өсөлттэй шууд хамааралтай байдаг учир түр хорооны ажиллах цар хүрээг тэлэх шаардлага үүссэн. Тиймээс дахин түр хороо байгуулах хүсэлтийг миний бие 27 гишүүний гарын үсэгтэйгээр өргөн барьснаар 2023 оны зургаадугаар сард УИХ-ын даргын шийдвэр гарч, хоёр дахь удаагаа түр хороо байгуулагдсан юм.
Түр хороо олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд олон нийтийн нээлттэй сонсголыг ойрын үед зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш эмийн асуудалтай холбоотой ажлын хэсгийг ахлан ажиллалаа. Хоёр Засгийн газар дамнан өргөн баригдаад байсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг 2020 оноос ахлан ажиллалаа. Ажлын хэсэг найман сар ажиллаад, тухайн төсөл өмнө нь өргөн баригдсан төслөөс концепцын хувьд 60-70 хувь өөрчлөгдсөн. Хуулийн төсөл дээр ажиллахад 40 хувь өөрчлөгдвөл төслийг хууль санаачлагчид буцаадаг журамтай. Тэр утгаараа төслийг ЭМЯ-нд буцааж, дахин өргөн барих саналыг хүргүүлсэн. Үүний дагуу Засгийн газар төслөө татаж аваад өнөөг хүртэл өргөн бариагүй байна.

-Төсөлд яагаад 60-70 хувийн өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн бэ?
-Нэгдүгээрт, 2020 оны Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд ЭМЯ-ны дэргэд  Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийг байгуулсан. Энэ агентлаг байгуулагдсанаар нэгдүгээрт, Монгол Улсын зах зээл дээр байгаа эмийн чанарт хяналт  тавих ёстой. Хоёрдугаарт, Үнийг зохицуулах ёстой. Гуравдугаарт, Ховор тохиолддог өвчний үе хэрэглэдэг цөөн тооны эмүүдийг оруулж ирэх, түүнийг ямар үнээр худалдаж, яаж хямдруулах гэх мэтээр иргэд өвчнөөс болж ядуурах эрсдэлээс хамгаалах зорилгоор ямар эмүүдийг үнийг хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулж байх юм гэх зэргээр бодлого гаргаж ажиллах ёстой агентлаг. Х

уульд нь энэ тухай зохицуулалт тусгаагүй байсныг тусгах шаардлага үүссэн. Ингэж зассаар байтал төслийн 70-80 хувьд өөрчлөлт орохоор болсон. “Өөрчилсөн хувилбараараа УИХ-д оруулж  ирээрэй” гэсэн одоо бүтэн хоёр жил болж байна, байдаггүй.  Гэхдээ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаад байна. 
Хоёр дахь асуудал нь төр сүүлийн 30 жилд эмийн зах зээлээ хувийн хэвшлийнхэнд даатгаад орхисон. Үүний сул тал бий. Юу гэвэл төрийн гол худалдан авалт хийдэг газрууд нь улсын эмнэлгүүд бөгөөд аль хямд үнэтэйг нь шалгаруулах зарчмаар ажиллаж ирсэн. Үнэ, чанар хоёр шууд хамааралтай шүү дээ. Ийм зохицуулалтаар 30 жил явж ирсэн нь одоо зарим сөрөг үр дагаврын үндэс болж байна.
-Үүнийг яаж зохицуулах шийдэл харагдаж байна вэ?
-Эмийн чанарыг дагаад үнэ нэмэгдэнэ. Үнэ бууруулж болох тухай ДЭМБ-аас гаргасан арваад зөвлөмж байдаг. Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлж болно. Бид ямар стандарт барьж эмээ чанаржуулах вэ гэх мэтээр хуучин хуульдаа шинэчлэлт оруулах олон заалтууд байна. 
Иргэд дэлхийн зах зээлээс 3-6 дахин үнэтэй эм хэрэглэж байна гэдэг. Тэгвэл компаниудын  гаалиар оруулж байгаа эмийн үнийг яагаад шилэн болгож болохгүй гэж. Иргэд хараг л дээ. Таны ууж байгаа эм хилээр ямар үнээр орж ирсэн, эмийн сангуудад ямар үнээр зарагдаж байгааг тунгалаг болгож болно. ЦХХХЯ-тай боллоо. Цахим яамаар дамжуулан маш олон мэдээллийг ил тод болгосон.  Цахим систем, технологид хамаатан садан байдаггүй учир байгаа мэдээллийг шууд ил тодоор гаргаж тавьдаг.
Эрүүл мэндийн салбар цахим мэдээллээс үргэлж хоцорч байдаг. Үүнийг би эс үйлдэл гэж хардаг. Мэдээллээ зориудаар дарж, ард нь хулгай хийх боломжийг өөгшүүлж байна гэж харддаг.
-Эмийн үнийг хилээр оруулж ирэхээс эхлээд шилэн болгох зохицуулалтыг ямар баримт бичигт тусгах боломжтой вэ?
-Хуульдаа л тусгачихъя. Хуульд тусгачихвал сайд, дарга нь хэн болохоос шалтгаалан хүнээс хамааралгүйгээр хэрэгжүүлэх ёстой.
ЭМИЙН ҮНЭ ХЯМД БАЙХ БОЛОМЖГҮЙ. ЧАНАРТАЙ ЭМ ҮНЭТЭЙ БАЙДАГ
-Манай иргэд эмийн хэрэглээ өндөртэй. Тэгээд эм үнэтэй байна гэж шүүмжилдэг. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Нэгдүгээрт, эмийн үнэ хямд байх боломжгүй. Чанартай эм үнэтэй байдаг. Гэхдээ худлаа ярьж 3-4 нугалж, үнэ хөөргөж л болохгүй. Тэр системийг өөрчлөх ёстой.
Чанартай эм үнэтэй байдаг. Гэхдээ тэр нь иргэнийг ядууралд оруулж болохгүй. Ялангуяа архаг хууч өвчнөөсөө болоод иргэн ядуурч болохгүй. Үүний эсрэг 2020 оны УИХ-ын гишүүн болоод  хийсэн нэг том ажил бол эмийн хөнгөлөлт. Иргэд хөнгөлөлттэй эмээ авах гэж үүр цүүрээр  дугаарладаг. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сангаас баталсан төсөв нь дууссан гээд аптек хаалгаа барьдаг байв. Харин одоо бүх эмийн сангаас хөнгөлөлттэй эмийг чөлөөтэй өгдөг болсон. Үүний тулд нэгдүгээрт эмийн төсвийг нэмэгдүүлсэн.
Хөнгөлөлттэй эмийн төсөв 40 тэрбум төгрөг байсныг 140 тэрбум болгон нэмэгдүүлсэн. Аливаа журам, тусгай зөвшөөрлийн ард дандаа танил, тал хээл хахууль байдаг. Одоо бол өрхийн эмч эмийг бичиж, код өгдөг. Кодоор нь шүүгээд тухайн иргэн ямар эм авсныг харах боломжтой юм. Эм авах зохицуулалтыг тухайн иргэний биометрээр буюу хурууны хээгээр үздэг болсон. Биометрээр үзэхэд эмийн борлуулалт нэг тэрбумаар багасдаг. Биометрээр үзэхгүй бол нэг тэрбумаар ихэсдэг. Тэгэхээр дундаас нь завшаад байна. Өвчтэй хүний авах ёстой эмийг хэн нэгэн дундаас нь хулгайлж болохгүй.
Аливаа сайн зүйлд гажуудал байдаг юм байна. Гажуудлыг арилгахын тулд илүү цахимжуулж, тогтолцоогоо тунгалаг болгох ёстой юм.
-Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооныхон өнгөрсөн хоёрдугаар сард Улсын нөөц эм хадгалах агуулахын нөхцөл байдалтай танилцсан. Үйл ажиллагаанд нь ямар үнэлэлт дүгнэлт өгсөн бэ?
-Бид өнгөрсөн хоёрдугаар сард Улсын нөөц эм хадгалах агуулахад очлоо. Арай л үрэлгэн, "төсвийн мөнгө уйлдаггүй" гэдэг хүйтэн сэтгэлээр хандсан дүр зураг харагдаж байна. Ганцхан эмэн дээр жишээ татахад, цар тахлын үед уушгины хатгалгаа нь эмчлэгдэхгүй байгаа, вирусийн эсрэг антибиотик үйлчлэхгүй, тэр вирусийг устгах зорилгоор дархлаа дарангуйлах моноклональ антибоди гэж нэрлэдэг “Тоцилизумаб” эм хугацаа нь дууссан хэвтэж байна. Нэг ширхэг нь 450 ам.долларын үнэтэй, ковидын халдварын үед тарьж байсан тариа. 

-Тэр эмийг яаж ашиглаж болох байсан бэ?
-Өөр өвчинд хэрэглэж болно. Тэр эмийг Монголоос олж чадахгүй, гадаад руу өндөр үнээр захиж авч байгаа өвчтэй хүмүүс байдаг. Хэрэглэдэг эмнэлгүүдэд нь хямдралтай үнээр, эсвэл үнэгүй өгсөн ч болно шүү дээ. Манай улс 2022 оны хоёрдугаар сард ковидыг даван туулснаа зарласан. 2023 оны есдүгээр сард хугацаа нь дуусах эм байхад Эмийн агентлаг таг дуугүй дараад сууж байдаг. Тэнд ямар эм байгааг эмч нар мэдэхгүй шүү дээ. 

Нөөцөндөө хэчнээн ширхэг эм байна, хугацаа нь хэзээ дуусах гэж байгаа, үүнийг өөр юунд ашиглаж болох билээ гэж санаа тавьж ажиллах ёстой. Үүнийг л хийлгэх гэж Эмийн агентлагийг байгуулсан шүү дээ. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг байдлаар хандаж байгааг би шүүмжлээд байгаа юм. Монгол Улс цар тахлыг даван туулснаа зарласнаас хойш бүтэн жил, таван сарын хугацаа өнгөрөөд байхад “Ийм өндөр үнэтэй эмийн хугацаа дуусах гэж байна. Юунд ашиглах вэ” гэж ажиллах ёстой. Би эмч хүний хувьд “Манайд ийм эм байна. Та өвчтөнүүддээ өгөөрэй” гэвэл би “азны юм” гээд л хэрэгтэй хүмүүст нь өгөх байсан. Хайран эмийг одоо устгана. 
-Эмийн чанарын хяналтын улсын төв лабораторийн үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байна вэ?
-Түр хорооныхон Монголд оруулж ирж буй эмийн чанарыг хянадаг Эмийн хяналтын лабораторийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ нь манай эмийн сангуудад худалдаалж буй эмийн чанарыг хянаж байх ёстой лаборатори юм. Улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх эмийн дээжийг энэ лабораториуд шинжлүүлдэг.
Гэтэл тэнд ажиллах ёстой гурван чухал аппаратын хоёр нь эвдэрхий байна. 2013 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сая гаруй долларын өртгөөр байгуулагдсан лабораторийг анх байгуулагдсанаас хойш нэг ч тоног төрөөрөмж шинэчлээгүй. Энэ байгууллагаас тоног төхөөрөмжөө шинэчлэх, засвар үйлчилгээ хийх төсвөө гаргадаг ч санхүүжилтийг нь баталдаггүй. Хамгийн сүүлд буюу 2024 оны улсын төсөвт 1.2 тэрбум төгрөг хүссэн ч ЭМЯ-наас 200 сая төгрөг л баталж өгсөн байх жишээтэй. 
УИХ-аас эрүүл мэндийн салбарт том зургаар харж төсөв баталдаг. Төсвийг дотор нь детальчилж хуваарилах ажлыг салбарын яам нь хариуцдаг. 2024 онд ЭМЯ-ны төсөв 2 их наяд төгрөг давсан. Ийм дүнтэй төсөвтэй яам эмийн чанарын хяналт тавьдаг ганц лабораторийнхоо хүчин чадлыг сайжруулах чиглэлд яагаад анхаарал хандуулахгүй байна вэ. Мөн нэгэнт зах зээлд нэвтэрсний дараа санамсаргүй түүвэрлэлтийн аргаар эм нь тунгаа барьж байгаа эсэхийг шалгаж байх ёстой лаборатори юм. Тэр болгоныг хийхийн тулд төсвөө 1.2 тэрбум төгрөг гэж тавьсан. Тэр шинжилгээг хийх, эмийн урвалж өртөг өндөртэй байдаг. Тэгэхээр Улсын төв лаборатори нь эмээ шалгах чадваргүй байлгах эс үйлдэл юм биш үү.
-Тэгэхээр Монголд худалдаалагдаж байгаа эмийн чанар ямар түвшинд байгааг бид үнэлж чадахгүй байна гэсэн үг үү?
-Эмийн чанарын судалгаа хийдэг багийнхан нийт судалгаа, шинжилгээнд хамруулсан 100 эмийн 10 нь шаардлага хангаагүй гэж хэлсэн. Тэр эм яасан бэ? гаргасан уу, манай зах зээлд борлуулагдсан уу? Энэ бол манай түр хорооны хийж байгаа ажлын нэг.
-Яасан бол?
-Одоохондоо нууцлалтай. Удахгүй болох нийтийн сонсголын үеэр энэ асуудал яригдана. Хянан шалгах ажиллагаа явагдаж байна. Бид өнгөрсөн хугацаанд маш их материал, бичиг баримт, мэдээлэлтэй танилцаж, дүгнэлт гаргаж, одоо л олон нийтэд ярихад бэлэн болж байна.
-Та эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан эмч хүний хувьд УИХ-д сонгогдсоноос хойш өөрөө ажиллаж байх үед тулгамдаж байсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулж ажиллаж байх шиг харагддаг?
-Эрүүл мэндийн салбарын хамгийн чухал, эмч хүний хамгийн гол “зэвсэг” гэж болох эмийн тогтолцоог зөв болгох нь миний УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан гол зорилгын нэг. Нэг монополь компани нэг эм дангаараа оруулж ирж, дуртай үнээ тогтоох, Монголын зах зээл дээр тэр компанийн үнээр л бусад нь худалдах, өрсөлдөгч компани оруулж ирэхгүй байх “эксклюзив” гэрээ хийж байна.

Бид энэ асуудлыг эргэн харж, дээр дурьдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ асуудлыг хэлэлцэж, хуульдаа тусгах хэрэгтэй болж байна. “Эксклюзив” гэрээ байх шаардлагатай юу, төрийн байгууллага хувийн компанитай эвсэж, ийм онцгой гэрээ байгуулж, эмийн үнийг дураараа өсгөх өрсөлдөгчгүй байх тогтолцоо Монголд үйлчилж байгааг зогсоох ёстой.

-Монголд эм хэтэрхий өндөр үнэтэй байна гэж иргэд шүүмжилдэг. Энэ талаар Та ямар дүгнэлт хэлэх вэ?
-Нийтлэг хэрэглэдэг эмүүд дээр дэлхийн жишиг үнээс хэдэн хувиар их, эсвэл бага байгаа талаар нотлох баримт цуглуулсны дараа харьцуулж ярих ёстой юм. Эмийн 2022, 2023 оны эмийн үнэтэй харьцуулах хийгдэж байна. Үүнийг нээлттэй сонсголын үеэр мэдээлнэ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, манай эмийн компаниуд бүгд авлигач биш. Монголд орж ирж байгаа эм бүхэн чанаргүй юм биш л дээ.
-Та эмч хүний хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдож, энэ парламентад суусны зорилго юу байв?
-Нэгдүгээрт, Миний хувьд 2020 оны наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд, Эм эмнэлгийн хэрэгслүүдийн эрүүл мэндийн салбар төсвөөс хамаардаггүй, гүйцэтгэлээс хамаардаг санхүүжилтийн тогтолцоотой болох ажлыг ахалж ажилласан. Ингэснээр өнөөдөр эрүүл мэндийн салбарт гарсан том шинэчлэл бол төсөв дууссан гээд өвчтөний ар гэрт эм, эмнэлгийн хэрэгсэл захидаг байдлыг зогсоож, эмчилсэн хүнийхээ тоогоор санхүүжилт авах тогтолцоонд шилжүүлсэн. Үүний үр дүнд эрүүл мэндийн даатгалын сан 400 гаруй тэрбумын төсөвтэй байсан бол өнөөдөр 2 их наяд төгрөгт хүрээд байна.
Гүйцэтгэлийн санхүүжилтын тогтолцоог нэвтрүүлснээр эмнэлгийн ажилчид, эмч, сувилагчдын цалинг нэмэх боломж бүрдсэн нь том дэвшил юм. Хэдийгээр ийм эерэг өөрчлөлт гарсан ч эмнэлгийн тусламж үйлчилгээний өртгийн жинг эм, эмнэлгийн хэрэгсэл нь дарж, эмийн компаниуд дуртай үнээрээ эмээ шахаж байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн санхүүжилтийн ихэнх зардал нь эм, эмнэлгийн хэрэгсэлдээ зарцуулагдаж, эмч, мэргэжилтнүүдийн цалин, урамшуулалд багахан хувь оногдож байна. Тэгэхээр шийдвэрлэх ёстой хоёр дахь том ажил бол энэ.


Гурав дахь чухал зүйл бол иргэдийг өвчин тусаад ядууралд оруулахгүй байх том бодлого хэрэгжүүлж байна. Энэ бодлогын хүрээнд эрхтэн шилжүүлэн суулгах, хорт хавдрын эмчилгээг санхүүгийн дарамтгүйгээр эмчлэх боломжийг бүрдүүлсэн. Үүний үр дүнг ганцхан жишээгээр хэлж болно. 2022 оны хорт хавдрын нас баралт 2023 оныхтой харьцуулахад 400-гаар буурчээ. Хорт хавдрын мэс заслын эмчилгээг ганцхан Хавдар судлалын үндэсний төвд биш төрийн болон хувийн хэвшлийн 40 гаруй эмнэлэгт, хийн бай эмчилгээг 30 гаруй эмнэлэгт хийдэг болоод байна. Нэг эмнэлэгт ирэх ачаалал, хэт төвлөрлийг бууруулснаар ийм бодит үр дүн гарч байгаа юм. 
Хуучин зохицуулалтаар Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн 90 хувийг улсын эмнэлэгт, 10 хувийг хувийн эмнэлэгт өгдөг байсан. Одоо монгол хүнийг эмчилсэн л бол төр, хувийн хэвшлийн аль ч ЭМД-ын сангаас санхүүжилт авах боломж бүрдсэн. Тэгэхээр улсын, хувийн эмнэлгүүд чанараараа өрсөлдөөд эхэлж байна. Одоо нэг асуудал үлдсэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээний өртгийн жинг эм, эмнэлгийн хэрэгслийн төсөв дарж байна.  
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажлын хүрээнд энэ тал дээр нухацтай судалгаа хийж, дүгнэлт гаргана. Оношоо зөв тавьчихвал хуулийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгах чиглэлд анхаарал хандуулж ажиллана. Тэгвэл миний 2020-2024 онд ”Бүх Монголоо эмчилье” гэсэн том уриатайгаар УИХ-ын сонгуульд оролцож, сонгогдсоны хэрэг бүтнэ.

2022 оны тавдугаар сараас эхлэн орон даяар эхлүүлсэн эрт илрүүлгийн аяныг эхлүүлсэн. Энэ ажилд 67 тэрбум төгрөг төсөвлөсөн. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг хийж эхэлсэн нь хавдрын нас баралтыг бууруулахад нөлөө үзүүлж байгааг дурдах хэрэгтэй.
-Элэгний Д вирусийн халдвартай иргэдийн эмчилгээнд шаардлагатай тарилга авах тендерийн сонгон шалгаруулалт нь будилаантай болсон талаар иргэд мэргэжлийн эмч хүн, УИХ-ын гишүүний хувьд Танд ханджээ. Та энэ асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан юм байна. Энд хардлага төрүүлэх үндэслэл байна гэж Та үзсэн учир хууль хяналтын байгууллагад хандсан байх, тийм үү?
-Мэдээж, тийм. Тендерт шалгарсан компани нь эрх бүхий албан тушаалтнуудтай холбоо хамааралтай эсэх, нэгдмэл ашиг сонирхолтой эсэхийг шалгуулах элэгний Б, Д вирустэй 100 мянган иргэний хүсэлт  гэж ойлгож хүлээж авсан. 100 мянга гаруй монгол хүний эрүүл мэнд, амь нас, зуун мянган монгол айл өрхийн элэг бүтэн амьдрал хөндөгдөж буй нь Үндэсний аюулгүй байдлын түвшний ноцтой асуудал гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамнаас Д вирусийн халдвартай хүмүүсийн эмчилгээнд зориулж 13,7 тэрбум төгрөг суулгасан. Эмч хүний хувьд хэлэхэд аль хэдийнэ гаж нөлөө нь гарсан “пег интерферон” гэж дэлхий нийтээрээ хэрэглэхээс бараг татгалзаад байгаа эмчилгээнд нэвтрүүлэхээр 9.7 тэрбумын өртөг бүхий тендер зарласан. Энэ асуудлыг АТГ-аар шалгуулахаар гомдол гаргасан байгаа. Хүнийхээ эрүүл мэндийн төлөө ажиллалгүй яах вэ, гэхдээ оновчтой, шинжлэх ухаанч байя л даа.


-Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдалд эмч хүний хувьд, хууль тогтоогчийн хувьд Та ямар онош тавих вэ? 
-Аливаа салбар сайжрахын тулд шокийн эмчилгээ хэрэгтэй л дээ. Шоконд орж байгаад зөв эмчилгээ хийгдэх ёстой. Энэ бол хувийн хэвшийнхний бизнесийг төр хулгайлах гэсэн хэрэг биш. Бид шударга өрсөлдөөнийг дэмжиж, монополь тогтолцоог халах ёстой юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан