Судалгаа: Цусанд нь микропластик агуулагдаж буй хүмүүс зүрхний шигдээс болох, цус харвах эрсдэл тав дахин их байна

Судалгаа: Цусанд нь микропластик агуулагдаж буй хүмүүс зүрхний шигдээс болох, цус харвах эрсдэл тав дахин их байна

 

Антарктидын алслагдсан бүс нутгууд, хүний гар хүрээгүй давхаргаас эхлээд хүний зүрх, тэр байтугай дөнгөж төрсөн нярайгаас хүртэл микропластикууд илрээд байгааг эрдэмтэд анхааруулж буй.

"The New England Journal of Medicine" сэтгүүлд нийтлэгдсэн Италийн судлаачдын багийн хийсэн  судалгаа нь хүний биед микропластик байгаа эсэх, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн хоорондын уялдаа холбоог тогтоосон анхны судалгаа юм. Уг судалгаагаар Артерийн  судасны дотоод хананд товруу үүсэж, хатуурсан  хэсгээс  микропластик илрүүлсэн байна. Зүрх судасны өвчин болон хүрээлэн буй орчны хоорондын хамаарлыг судалдаг Уэйн мужийн их сургуулийн эмч, эрдэмтэн Роберт Брук "Энэ бол чухал туршилт. Микро болон нанопластикуудын эрсдэлийн зэрэглэлийг батлах, өргөжүүлэх, судлахын цаашдын судалгааны эхлэл болно" гэжээ.

Электрон микроскопоор товрууны макрофагуудын дунд харагдахуйц, иртэй ирмэгтэй гадны тоосонцор илэрсэн байна. Эрдэмтэд өвчтөнүүдийг 34 сарын турш ажиглаж, цус болон судсанд нь микропластик агуулагддаг хүмүүс зүрхний шигдээс, цус харвалт, хамгийн ноцтой тохиолдолд үхэлд хүргэх магадлал бараг тав дахин их байгааг олж тогтоожээ.

Судалгаанд оролцоогүй зүрх судасны эмч Эрик Топол "Би зүрх судасны эмчээр 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд бидний артериудад байгаа микропластик нь атеросклерозыг түргэсгэнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй” гэжээ.

Энэхүү судалгааны үр дүн нь хүн төрөлхтний нефтийн бүтээгдэхүүн, тэдгээрийн хор хөнөөлтэй холбоотой асуудлуудыг цаашид авч үзэхээс гадна хүний биед микропластик үзүүлэх нөлөөг судлахад дэмжлэг болно гэдэгт  судлаачид санал нэгдэж байна.

Эх сурвалж: Futurism

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан