Хүний эмийн зөвлөлд ажилладаг, “Шинэ анагаах ухаан” их сургуулийн Эм зүйн сургуулийн захирал, доктор, профессор М.Уранчимэг Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад “Салимон”-ыг оруулж батлуулсан байж болзошгүй байгаа тухай Эмийн үнэ өссөн шалтгааныг хянан шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны өнөөдрийн сонсголын үеэр яригдлаа.
Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон байж болзошгүй байгаа аж. “Шинэ анагаах ухаан” их сургуулийг Төрийн шагналт, доктор, профессор М.Амбага, доктор, профессор Б.Саранцэцэг нар 2000 онд “Монос” коллеж нэртэйгээр байгуулж, 2004 онд дээд сургууль болгожээ. Дархлаа сэргээх үйлдэлтэй “Салимон” бэлдмэлийг М.Амбага бүтээсэн юм. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон “Салимон”, “Дентамон” зэрэг 25 гаруй нэр төрлийн эмийг “Монос” компани үйлдвэрлэдэг. Эмийн зөвлөлд багтдаг мэргэжилтнүүдээс ашиг сонирхлын зөрчилтэй эсэх мэдүүлэг авдаг юм байна. Орон тооны бус энэ зөвлөлийг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга удирддаг.